Зам тээврийн осол, хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:10:58

Энэ онд гэмт хэргийн гаралт тодорхой хувь буурсан ч зам тээврийн осол, хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Төв аймгийн Цагдаагийн газар мэдээллээ. 

Ялангуяа орон нутгийн зам дах осол, төв, суурин газрын орон сууцны хулгайн гэмт хэрэг  өсөх хандлагатай байгаа тул иргэд, сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг анхааруулав. 2015 оны 11 сарын байдлаар аймгийн хэмжээнд  820 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд жилээс 10 орчим хувь буурчээ.

Замын хөдөлгөөний дүрэм, журмын зөрчил буурахгүй байна

Түүнчлэн замын хөдөлгөөний дүрэм, журмын зөрчил, дутагдал хөдөө орон нутгийн замд арилахгүй байгаа ажээ. Энэ сарын 2-8-ны хооронд тус тасгийн зохицуулагчид 8060 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд 1362 зөрчил илрүүлж, 874 зөрчлийг тухай бүрт нь арилгасан байна. Мөн дүрэм зөрчсөн 470 гаруй жолоочийг бэлэн бусаар, 19 сая орчим төгрөг, ЗХАБТХ-ийн 27.1, 27.3 болон бусад заалт зөрчсөн 16 иргэнийг шийтгэврээр 6 сая төгрөгөөр тус бүр торгосон аж. Иймд тээврийн хэрэгсэл эзэмшигчид авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, дүрэм, журмаа баримталж хөдөлгөөнд оролцохыг уриалав.

Ш.Шүрэнцэцэг

相关新闻