Хуучин 2 өрөө байр 84 сая 790 мянган төгрөгийн ханштай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГҮл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компаниас 11 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг танилцууллаа.
Тус судалгаагаар ОСҮИ 11 дүгээр сард 6.7 хувьтай гарав. Энэ нь өмнөх сараас -0.3 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд үүнийг оны эхэн үетэй харьцуулбал -10.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулбал -10.9 хувиар буурчээ. Харин шинэ орон сууцны үнийн индекс 19.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм.Хэдийгээр өнгөрсөн сараас өссөн ч оны эхэн үеэс -5.6 хувь, 2014 оны мөн үетэй харьцуулбал -5.5 хувиар буурсан байна. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 11 дүгээр сарын байдлаар 2 сая 52 мянган төгрөг байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага үнэтэй байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -0.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар, оны эхэн үеэс -14.2, өнгөрсөн оны мөн үеэс -14.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 84 сая 790 мянган төгрөг болжээ.
ОСҮИ-ийн судалгаанд Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5073 орон сууцны мэдээлэлд орсон байна.
Б.Заяа