Судлаач Д.Төмөрбаатар Японы Эзэн хааны одон хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭЯпон судлаач, орчуулагч Д.Төмөрбаатар Япон Улсын Эзэн хааны "Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий алтан туяа” зэрэглэлийн одонгоор энгэрээ мялаалаа.
Энэхүү одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Япон улсын Элчин сайдын өргөөнд болов.
Түүний Монгол, Японы найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хичээл зүтгэлийг үнэлж энэхүү одонг олгожээ.
Тэрбээр социализмын үед олж авсан япон хэл болон утга зохиолын гүнзгий мэдлэгээ ашиглан ардчиллын хөдөлгөөн ид өрнөсөн 1989 оноос Монголын радиогоор анх япон хэлээр Монголын тухайн үеийн байдлыг Японд түгээж, Монголын тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн япон хэлний багшаар ажиллан Япон судлаач, орчуулагч хүний хүний хувьд япон хэл, соёл, утга зохиолын олон ном зохиолыг орчуулан хэвлүүлжээ. Түүнчлэн Монгол-Японы соёл, утга зохиолын төв, Монголын Го даамын холбоо, Шёоги шатрын холбоо болон Соробангийн холбоог үүсгэн байгуулж Японы үндэсний соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг явуулж иржээ. Монголын үндэсний телевизээр Японы мэргэжлийн сумо бөхийг тайлбарлахаас гадна UBS телевизээр Япон улсыг таниулах “Төмөрбаатартай хамт Япон орноор” нэвтрүүлгээрээ дамжуулан өнөөг хүртэл хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэсэн байна.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү энэхүү одонг гардуулахдаа, “Энэхүү одонг хүртэж байгаа ноён Төмөрбаатарт Япон улсын Элчин сайдын хувьд, хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэгч хуучин андын хувьд чин сэтгэлээсээ баяр хүргэе. Тэрээр ардчиллын эхэн үеэс л монголчуудын Японы тухай ойлголтыг гүнзгийрүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан. Түүнд энэхүү одонг олгож байгаа нь энэ мэт хязгааргүй үргэлжлэх өргөн хүрээний үйл ажиллагаагаар дамжуулан Япон болон Монголын найрсаг, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өндрөөр үнэлсний илрэл юм. Түүний өнөөг хүртэлх үйл хэргийг дэмжиж ирсэн та бүхэнд энэ завшааныг ашиглан чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлье. Япон улсын Элчин сайдын яам цаашид ч таны энэхүү үйл ажиллагааг дэмжин ажиллах болно” гэв.
Япон судлаач Д.Төмөрбаатар, “Манай улс 1972 онд Япон улстай дипломат харилцаа тогтоосон. Монгол, Японы найрамдал нөхөрлөл сүүлийн 4 жил маш өндөр хурдтай хөгжлөө. Миний хувьд монгол, япон хүмүүс бие биенээ зөвөөр ойлгох, хамтарч ажиллахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Миний өчүүхэн хөдөлмөрийг өндрөөр үнэлж энэхүү хүндтэй шагнал хүртээж байгаа Японы ард түмэн, Зсгийн газарт талархал илэрхийлье. Энэ амжилтад хүрэхэд туслан хамтран ажилласан багш, сурган хүмүүжүүлэгчид, тамирчид, орчуулагчид, сэтгүүлчдэд баярлаж байна. Цаашдаа хичээж ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Тэрбээр энэхүү одонгоор шагнуулсан 11 дэх монгол хүн болж байгаа юм.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал