Асрамжийн төвийн үйл ажиллагааны стандартад хүний эрхийн талаар тусгахыг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Хүүхэд хөгшдийг ивээх төв”-өөс Асрамжийн төвийн асруулагч ахмад настнуудын эрх, тэдний эрхээ эдлэх боломжийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт орон нутгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцож асрамжийн төвийн стандартыг сайжруулах хэрэгцээ шаардлага, асруулагч ахмад настны эрхийн зөрчлийн талаар гомдол гаргах, шийдвэрлэх журам, тогтолцооны талаар санал солилцов.
Өнөөдөр улсын хэмжээнд ахмад настны асрамжийн 10 төвд 360 орчим ахмад настан асруулж байгаагийн зарим нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өвчтэй иргэд байдаг. Асрамжийн төвийн стандарт нь 2008 онд батлагдаж 2013 онд нэмэлт өөрчлөлт орсон нь сайшаалтай боловч ахмад настны эрх, хамгаалал, хөгжил оролцооны талаар тусгаж өгөх шаардлагатайг оролцогчид хэлж байв.
Хэлэлцүүлгийн үр дүнд ахмадууд бол халамж хүртэгсэд гэдэг түгээмэл сөрөг ойлголтыг өөрчлөх, тэд үндсэн эрхээ эдэлж буй гэдгийг хүлээн зөвшөөрөх, түүнчлэн асрамжийн төвийн үйл ажиллагааны стандартад хүний эрхийн талаар оруулж өгөх хэрэгцээ байгааг салбарын мэргэжилтнүүд онцлов.
Ж.Болор