Хэлмэгдсэн иргэн цагаатгагдалгүй үлдэх учиргүй
МОНГОЛЫН МЭДЭЭЦагаатгах ажил эхэлснээс хойш Монгол Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 26880, анхан шатны шүүхүүд 203, Улсын ерөнхий прокурорын газар 2302 иргэнийг цагаатгаж нэр төрийг нь сэргээжээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 25 жилийн ойд зориулсан уулзалт-ярилцлага өчигдөр боллоо.
Тус уулзалт- ярилцлагад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улсын Ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Тагнуулын ерөнхий газар болон зарим аймгийн цагаатгалын салбар комиссын төлөөлөл оролцсон юм. Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж нэр төрийг сэргээх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгчид болон тэдний ар гэрийнхэнд нөхөх олговор олгох, тусламж дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хийсэн ажлынхаа талаар тус тус танилцуулжээ.
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог уулзалтын эхэнд үг хэлэхдээ, үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолсон юм. Тиймээс хуулийн төсөл бэлтгэн УИХ-д өргөн бариад байгаа аж.
Үүнээс гадна 1922-1990 оны хооронд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс цагаатгагдалгүй үлдэх ёсгүйг чиг зорилгоо болгон ажиллах хэрэгтэйг цохон хэлээд, 1131 хэргийг шалгаж цагаатгах, нэхэмжлэгч нь өргөдлөө өгсөн боловч хэрэг материал нь олдохгүй байгаа 922 хүний асуудлыг шийдвэрлэх, 1000 гаруй нэхэмжлэгчийн садан төрлийн холбоог тогтоох шаардлагатай байгаа бөгөөд Үндэсний төв архивт байгаа хүн амын тооллогын материалыг дахин шалгаж уг ажлыг нэг мөр болгон дуусгах хэрэгтэй гэв.
1939 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн зарим хүмүүсийн хэргийг шалгаж сулласнаар цагаатгах ажил эхэлсэн бөгөөд өнөөг хүртэлх хугацаанд 5193 хүнийг цагаатгаад байгаа юм.
Н.Туяа