МОНЦАМЭ агентлаг Монгол Улсад болсон онцлох үйл явдлыг нэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭҮндэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2015 онд Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдлыг нэрлэлээ.
1. Монголчууд 3 саяулаа
Монгол Улсын хүн ам 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая болов. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн охин гурван сая дахь иргэнээр тодорч, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Монголжин хэмээх нэр хайрлалаа.
Засгийн газраас 3 сая дахь иргэнээ 70 сая хүртэл төгрөгийн мөнгөн шагналаар шагнасан бол 3 сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн 181 үе чацуутанд тус бүр гурван сая төгрөгийн тэтгэлэг олгосон юм.
Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын 3 сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр төрсөн тус бүр нэг чацуутанг 70 сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг даргын тамгын газрууд орон нутагтаа зохион байгууллаа.
Монгол Улсын 2 сая дахь иргэн 1988 оны 7 дугаар сард тодорч байсан юм.
2. “Оюутолгой”-г дэлхийн 15 банк 4.4 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад 2015 оны 5 дугаар сарын 19-21-ний үеэр айлчлах үеэр АНЭУ-ын Дубай хотноо Рио Тинто групптэй "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурсан. Уг төлөвлөгөөгөөр Монголын тал төслийн өгөөжийн 54.9 хувийг хүртэнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн юм.
Улмаар 2015 оны 12 дугаар сарын 16-нд Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээг Улаанбаатар хотноо байгууллаа. Оюутолгой төсөлд 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг дэлхийн 15 банк, санхүүгийн байгууллагууд олгосноор далд уурхайн бүтээн байгуулалт 2016 оны эхний улиралд эхэлж 5-7 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Санхүүжилтийн гэрээг байгуулснаар Монгол Улсад жил бүр нэг тэрбум ам.долларын мөнгөн урсгал орж ирэх боломж нээгдэж байна.
3. Хубилай сэцэн хааны 800 жилийн ойг тэмдэглэв
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Их Монгол Улсын 5 дахь хаан, Юань гүрнийг үндэслэгч Хубилайн мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн, түүний Монгол төдийгүй дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, өв соёлыг нь судлан сурталчлах, дурсгалыг нь мөнхжүүлэх үйл хэргийг өрнүүллээ.
Энэ хүрээнд Монгол нутагт явуулсан археологийн болон түүхийн судалгааны үр дүнд тулгуурлан “Хубилай сэцэн хаан ба түүнийг залгамжлагчид” хэмээх түүх-баримтын цомог, Хубилай хаан болон Монголын Юань улстай холбоотой судалгааны 10 боть ном, хөөмэй, шувуулахуй ёсны фестивалиуд, хөгжим, урлагийн томоохон цэнгүүн, Олон улсын эрдэмтэн мэргэдийн “Хубилай сэцэн хаан ба Монголын Юань улс” чуулган зэрэг олон арга хэмжээг энэ өдрүүдэд зохион байгуулав.
4.Шилэн данс , Хамтын тэтгэвэр ба нийгмийн шинэ харилцаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Шилэн дансны хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ.
Уг хуулийн дагуу яам, агентлаг, аймаг, нийслэл, сум дүүрэг зэрэг төсвийн 5000 эрх захирагч, төрийн болон орон нутгийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллага Шилэн дансны тухай хууль, журамд заасан мэдээллийг цаг тухайд нь цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээсэн юм.
Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах зэрэг бүх мэдээлэл ил тод болж, төрийн ажиллагааг ард иргэд хянах бололцоо бүрдэж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, тунгалаг болгож байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Хамтын тэтгэврийн тухай хууль баталлаа. Хуулиар нас барсан иргэний эхнэр эсвэл нөхөр тэтгэврийнх нь тодорхой хувийг үргэлжлүүлэн авах юм. Нийгмийн даатгалын шимтгэл 20 жил төлсөн, 15 жил хамт амьдарсан гэр бүлд хамтын тэтгэврийн эрх үүсэх ба УИХ хамтын тэтгэврийн доод хязгаарыг 20-иос доошгүй хувь байхаар хуулинд тусгажээ.
Эдгээр хуулиуд нь Монголын нийгмийн харилцааны зарим асуудлыг шинээр зохицуулж байгаагаараа онцлог юм.
5.ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит чуулган Монголд
Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын ээлжит хурлыг Улаанбаатар хотноо энэ оны есдүгээр сарын 15-18-ны өдөр зохион байгуулав.
Уг хуралд 47 улсаас 300 гаруй төлөөлөгч, олон улсын 13 байгууллагаас 19 төлөөлөгч оролцов. Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор боллоо
Уг хурлыг амжилттай зохион байгуулж чадсан нь Монгол Улс олон улсын хэмжээнд манлайлагчийн түвшинд ажиллах боломжтой гэдгийг харууллаа хэмээн ЕАБХАБ-ын Парламенын Ассамблейн Ерөнхийлөгч Илка Канерва онцлон тэмдэглэсэн юм.
6.Монгол цэргүүд Москва, Бээжингийн хүндэт жагсаалд
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд буюу 5 дугаар сарын 9-нд ОХУ-ын Москва хотноо болсон олон улсын цэргийн хүндэт жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн албан хаагч оролцсон 75 цэргийн албан хаагч анх удаа оролцон Улаан талбайд хөл тавив.
Энэхүү түүхэн жагсаалын дараа болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн ёслол БНХАУ-ын Бээжин хотод болоход мөн хүндэт жагсаалын эгнээнд Монгол Улсын цэргийн албан хаагчид алхаа нийлсэн юм.
Монгол Улсын цэрэг дайчдын хувьд энэ нь сүүлийн 100 жил дэх томоохон үйл явдалд оролцсон анхны тохиолдол юм.
7.Төр иргэд, аж ахуйн нэгжүүдээ өршөөв
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан УИХ-аас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажил амжилттай болов.
Энэ хуулиар Улсын Дээд Шүүхийн албан ёсоор өгсөн эцсийн мэдээгээр 1930 хоригдол хамрагдан суллагджээ. Мөн жолоодох эрхээ хасуулсан, тэнсэн харгалзах ял эдэлж байсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцлөөр олон хүн гэм зэмгүй болсон байна. Харин онц хүнд гэмт хэрэгтэн, авлигын хэрэгт холбогдогчдыг өршөөлийн хуульд хамруулаагүй юм.
Мөн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг УИХ энэ оны 8 дугаар сарын 07-нд баталсан. Далд, нуугдмал байсан хөрөнгийг ил гаргах боломж нь татварын өршөөл. Татварын өршөөл нь татвар төлөгчдөд нуун дарагдуулсан эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байх амлалт юм. Манай улсад анх 2007 онд уг асуудлыг зохицуулсан хууль баталсан бөгөөд хуулийн дагуу 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар төлөгчөөр нийт 748 иргэн, хуулийн этгээд шинээр бүртгүүлж, улмаар 4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан. Энэ удаагийн Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн үр дүнд ч дээр дурдсантай ижил хэмжээний үр дүн гарч, татварын бааз суурь нэмэгдэнэ гэж Засгийн газраас үзэж байна.
8.Бурхан Халдун уул, Ингэ хөөслөх зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдлээ
Намибын Виндхук хотноо энэ сарын эхээр болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаанаар монгол малчин түмний ингэ хөөслөх зан үйлийг /The Coaxing Ritual for Baby Camels/ ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ.Ийнхүү манай улсын 13 дахь өв ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдэв.
Мөн БНФУ-ын нийслэл Парис хотноо 11 дүгээр сарын 30-нд болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг Дэлхийн өвд бүртгэсэн Батламж бичгийг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал И.Бокова гардуулав.
9.МУГЖ Г.Ариунбаатар П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд тэргүүлэв
Дэлхийн сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааныг энэ жил 15 дахь удаагаа 7 дугаар сард зохион байгуулсан билээ.
Тус уралдаанд манай орноос 5 дуурийн дуучин оролцсоноос сүүлийн шалгаруулалтад МУГЖ Г.Ариунбаатар үлдэж, тэргүүн байр эзэлсэн юм. Эцсийн шатанд тэрбээр "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулан Өмнөд Солонгос, Хятад, Орос, Армен зэрэг улсын дуучидтай өрсөлдөж ийнхүү ялагч болсон байна. Уг уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан өрсөлдсөн юм.
Тэрбээр одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Маринскийн театрт урилгаар дуулж байна.
10. Үндэсний үйлдвэрлэл ба бүтээн байгуулалт
Энэ оны наймдугаар сард нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Монполимент” группын “Монцемент” цементийн үйлдвэр нээлтээ хийв. Манай улс жилд 2 сая орчим тонн цемент хэрэглэдэг. Үүний нэг сая тонныг хуурай аргын технологиор үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрийн төсөлд Хөгжлийн банк “Чингис” бондоос 45 сая ам.долларын санхүүжилт олгожээ.
Мөн энэ оны 10 дугаар сарын 13-нд Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. Гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулж буй анхны гэрээ болов. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Мөн 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно. Энэ өдөр мөн “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулав.
Түүнчлэн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 2015 онд 1000 гаруй км автозам барьсан бөгөөд эдгээрээс Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулсан нь баруун аймгууд руу дөт замаар зорчих боломжийг иргэдэд олгосон чухал ач холбогдолтой зам байв. Ирэх хавар Завхан аймгийн Тосонцэнгэл сум Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдох бөгөөд улмаар Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгууд хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбох зорилтыг Засгийн газраас тавьжээ.