Сургууль, цэцэрлэг, дотуур байрны засварыг ирэх сарын нэгнээс өмнө дуусгах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-18 17:07:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны намар, өвлийн бэлтгэлтэй танилцах үеэрээ сургууль, цэцэрлэг, дотуур байрны засварыг есдүгээр сарын нэгнээс өмнө дуусгахыг үүрэг болгов. 


Тэрбээр салбарын сайд, орон нутгийн удирдлагуудын мэдээллийг сонссоны дараа хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Үүнд,


-Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын өвлийн бэлтгэл хангах, их засвар, техник, зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэлийг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгах, ажлын явцыг хянах, шаардлагатай тохиолдолд хүндрэлийг шуурхай зохицуулж, үр дүнг тухай бүр танилцуулах,


-Өвлийн оргил ачааллын үед нүүрсний 15 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломж бүрдүүлэх, 220 кВт-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах,


-Улаанбаатар хот, аймгийн төв, хүн ам төвлөрсөн томоохон сум, суурин газрын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, халаалтын зуух, технологийн тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээ, туршилт тохируулга, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо, сургууль, цэцэрлэг, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын урсгал, их засварыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийлгэж, гүйцэтгэлийг хянах, 


-Ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг технологийн хугацаанд, төлөвлөсөн хэмжээнд зохион байгуулахад шаардагдах шатах, тослох материалын нөөц бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах,


-Орон нутагт өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, улсын өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх арга хэмжээ авч, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах,


-Төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийг 17 аймгийн 294 суманд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан комисс шуурхай ажиллуулах,


-Улсын хэмжээнд зарим аймаг, сум гантай, гандуу зусаж, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа тул мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх зураглал гарган, цагийн байдал хүндэрсэн үеийн бэлтгэлийг хангах, бусад аймаг, сумын нутагт отроор өвөлжүүлэх, хаваржуулах ажлыг гэрээгээр зохион байгуулах,


-Улсын хэмжээнд өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацыг бодитой тогтоох, шаардлагатай тохиолдолд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эрсдэлийн үнэлгээ хийж зохицуулах,


-Отроор өвөлжиж буй айл өрхөд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн багц бэлтгэж, нөөц бүрдүүлэх, сумын Эрүүл мэндийн төвийг оношилгоо, шинжилгээ, лабораторийн зөөврийн тоног төхөөрөмжөөр хангах,


-Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, бусад аймаг, сумаас ирэх отор нүүдлийг Засгийн газраас тогтоосон маршрутын дагуу мэргэжлийн байгууллагын хорио цээр, хяналт шалгалтын дор хэрэгжүүлэх бэлтгэлээ хангахыг аймгийн Засаг дарга нарт;


-Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалт, угаалгыг цаг хугацаанд нь чанартай хийж, хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчин гарсан тохиолдолд өвчнийг цаг алдалгүй хяналтад авч, голомтыг устгах ажлыг шуурхай хэрэгжүүлэх,


-Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац, зудын эрсдэлийг бодитой тогтоож, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээг малчид иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэхийг ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосныг ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

相关新闻