Л.Пүрэвбаатар: Би хувьцаа хуваарилдаг хүн биш,хариуцлага хүлээлгэнэ гэдгийг ойлгохгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ"Улаанбаатар Төмөр Зам" Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн замын дарга Л.Пүрэвбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичигтэй холбогдуулан мэдээлэл хийж буйгаа хурлын эхэнд онцолсон юм.
Л.Пүрэвбаатар ярихдаа, "Л.Пүрэвбаатар гэдэг хүн Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ерөнхий захирал ч биш. Би замын дарга гэдэг албан тушаалтай. Замын дарга бол галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар удирдаж, зам засвар, арчилгааг нэгдмэл технологиор хэрэгжүүлдэг албан тушаалтан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацлаа. Уг мэдээлэлд дурдсанаар би хувьцааг хуваарилж, хүргэдэг хүн болж хувирлаа. Энэ бичиж буй зүйл нь замын даргын үүрэгт ямар ч хамааралгүй юм. Монгол, Орос, Хятад гурван улсын талаар ярьж байгаа. Энэ гурван улсын талаарх яриа хаанаас үүдэлтэйг хэлье. "Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр" гэж байгуулагдсан. Эл хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж Зам тээврийн сайд А.Гансүх, ОХУ-ыг төлөөлж "Оросын төмөр зам" НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин нар гарын үсэг зурсан.
Хэлэлцээрийн 4.2-т "УБТЗ ХНН-ийн дамжин өнгөрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Талууд холбогдох бизнес төлөвлөгөө гаргасны дараа сонирхсон талуудын оролцоотой тээвэр-логистикийн компани байгуулахаар тохиролцов" гэж тусгасан.
Хэлэлцээрийн хүрээнд Гадаад яамны шугамаар Монгол, Орос, Хятад гурван улсын яриа хэлэлцээр болж, тээвэр-логистикийн компани байгуулах тухай ярьж байгаа. Тэгэхээр энэ компанийн хувьцааг Монгол, Орос, Хятад гэсэн гурван улс эзэмшинэ гэсэн үг.
"Улаанбаатар Төмөр Зам" Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хоёр улсын хамтарсан байгууллага. Харин тээвэр-логистикийн компани бол гурван улс хувьцаа эзэмшдэг байхаар төлөвлөж буй бөгөөд одоогоор байгуулагдаагүй компани. Энэ компани байгуулагдвал төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, УБТЗ зам, барилга ашиглалтын компани болно гэсэн үг юм. Тээвэрлэлтийн компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших бөгөөд гол цөм нь УБТЗ байх бодлого барьж байгаа.
Замын даргын хувьд Монгол Оросын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хувьцааны асуудалд оролцох боломжгүй. Төмөр замын асуудлаар буюу тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, замын арчилгаа, засвар үйлчилгээ, ажилчдын цалин тавихгүй гэсэн асуудалд би 100 хувь хариуцлага хүлээнэ. Харин Л.Пүрэвсүрэн сайдын өгсөн мэдээллийн хувьд хариуцлага хүлээнэ гэдгийг огт ойлгохгүй байна”гэлээ.
Б.Заяа