Газар өмчлөлийн цахим бүртгэлийг энэ сарын 30-нд хаана
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл энэ сарын 29-нд дуусах байсан ч тус өдөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” тохиож байгаа тул 30-ны 12.00 цагт хаах болсон талаар НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир мэдээллээ.
Цахим бүртгэлийн 5 дугаар ээлж энэ сарын 14-нд эхэлсэн юм. Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулж байна.
Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авч байна. Өмнө нь газар өмчлөх өргөдөл илгээж байсан иргэд өөрийн регистрийн дугаар болон анх бүртгүүлэхэд нь өгсөн нууц дугаарыг ашиглан дахин өргөдөл илгээх боломжтой юм. Харин шинээр бүртгүүлж байгаа иргэд бүртгүүлэх хэсэгт дарж, өргөдөл бөглөх хэсгийг дарж, бүх асуултыг бөглөн илгээх юм. Энэ удаагийн газар өмчлөлийн нэг онцлог нь иргэд ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшнээр дамжуулан өргөдөл өгөх боломжийг бүрдүүлээд байна.
Одоогийн байдлаар цахим бүртгэлд 73 мянга 746 иргэн өргөдөл ирүүлсэн бөгөөд үүний 30 хувь нь гар утсаараа өргөдлөө бөглөсөн байна.
2003 оноос хойш нийслэлийн иргэдийн 13 хувь нь газраа өмчлөөд байгаа бөгөөд цахим газар өмчлөлөөр дамжуулан 68 мянга гаруй иргэн газартай болжээ. Өнгөрсөн хугацаанд цахим газар өмчлөлд нийт 700 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь иргэдийн газар өмчилж авах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэллээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал