Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг 10 байршилд зохион байгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан сурагч, оюутан болон эцэг эхчүүдэд зориулан нийслэлийн хэмжээнд 19 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж эхлээд буй.
Өнөөдрийн байдлаар 10 байршилд хичээлийн хэрэгсэл, хувцас, ном болон бусад эд зүйлсийн нэгдсэн худалдаа болж байна.
Үүнд:
- БЗД, 4 дүгээр хороо, Жуковын талбай;
- БЗД, 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төв
- БЗД, 42 дугаар хороо, Баялаг ундраа худалдааны төвийн гадна талбай
- БГД, 15 дугаар хороо, Байгаль Эх цогцолборын талбай
- БГД, 15 дугаар хороо, Апексийн дэлгүүрийн урд талбай
- БГД, 29 дүгээр хороо, “Шинэ сандэй” худалдааны төв гадна талбай
- СБД, 3 дугаар хороо, Аса арена гадна талбай
- СБД, 4 дүгээр хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж
- СБД, 5 дугаар хороо, Голомт хотхоны хойд талбай
- ХУД, 8 дугаар хороо, IC парк
Жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй уг үзэсгэлэн худалдаа нь хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэн, хүртээмжийг нэмэгдүүлж байгаагаас гадна, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ойртуулан, хотын түгжрэлийг бууруулж байгаа юм.
Түүнчлэн энэ жилийн тухайд үзэсгэлэн худалдаанд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгч дотоодын топ найман компани оролцож, үйлдвэрийн үнээр, и-баримттайгаар бүтээгдэхүүнээ худалдаалж буйгаараа онцлогтой ажээ.