Б.Жавхланг тэргүүн дэд ерөнхийлөгчөөс нь чөлөөлсөнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
УИХ-д нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Хэн нэгэн хүнийг томилж чөлөөлөхөд тухайн хүн нь өөрөө байх ёстой. Өөрийг нь байлцуулж байж асуудлыг хэлэлцэх саналтай байгаа тул асуудлыг хойшлуулья” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Би энэ залуутай 3 хуулийн төсөл дээр хамтарч ажилласан. Б.Жавхлан нь банкны салбарт 19 жил ажилласан туршлагатай. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Хүсэлтийнх нь дагуу ажлаас чөлөөлөх нь зөв байх” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Хаянхярваа нар ажлаас чөлөөлөхөөр гаргасан түүний хүсэлтэд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
Ингээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй саналаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнгүй.
Б.Туул