Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлжийн бүртгэл дууслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх 5 дугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдөр 12.00 цагт хааж, 8 мянга гаруй иргэнийг цахимаар сонгов.
Нийслэлийн хэмжээнд эхний 4 цахим бүртгэлээр 68 мянган иргэн газар өмчилжээ. 2016 онд нийт 68 байршилд цахимаар газар өмчлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй 9 байршилд зуслангийн газар олгохоор ажиллаж байгаа талаар НӨХГ-ын дарга Ш.Төмөрбаатар 5 дугаар ээлжийн цахим бүртгэлийн хаалтын үеэр онцлон тэмдэглэв.
Энэ удаад Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлэв. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим бүртгэл явуулсан байна.
Газар өмчлөх өргөдлийг www.umch.ub.gov.mn цахим хуудсаар авснаас гадна ухаалаг утасны “Газар өмчлөл” аппликейшн ашигласан нь иргэдэд өргөдөл өгөх боломжийг нэмэгдүүлсэн томоохон алхам болжээ. Тухайлбал, 5 ээлжинд нийт 140 мянга орчим өргөдөл ирсний 40 хувь нь “Газар өмчлөл” аппликейшнийг ашигласан байна. Өнөөдөр сонгогдсон иргэдэд гар утасаар нь дамжуулан мэдээлэл хүргүүлэх бөгөөд иргэд сонгогдсон газрынхаа харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд очиж өргөдлөө баталгаажууах шаардлагатай юм.
2003 оноос хойш нийслэлийн иргэдийн 13 хувь нь газраа өмчлөөд байгаа бөгөөд цахим газар өмчлөлөөр дамжуулан 68 мянга гаруй иргэн газартай болжээ. Өнгөрсөн хугацаанд цахим газар өмчлөлд нийт 900 мянга орчим хүн бүртгүүлсэн нь иргэдийн газар өмчилж авах сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна хэмээн НӨХГ-ын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир хэллээ.
Ч.Ариунболд