Эрүүл мэндийн салбар цахимжсанаар иргэд чирэгдэлгүй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-01-07 12:40:10

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газаарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй "Цахим эрүүл мэнд төсөл"-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.

Тус үйл ажиллагааг нээж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ, “Мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэл чирэгдлийг бууруулах давуу талтай” хэмээн онцоллоо.

Мөн хүлээгдлээс үүдэлтэй бухимдал арилж, үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг цаг хугацаанд нь авах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг нууцлал, аюулгүй байдал бүрэн хангасан олон улсын стандартад нийцсэн мэдээллийн санд хадгалж, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх юм.

Шаардлагагүй давтан шинжилгээний тоог бууруулж зардал хэмнэх, эмийн жорыг цахим хэлбэрт оруулах замаар эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх, алсын зайн оношилгоо эмчилгээний үйл ажиллагааг бүрэн хэмжээнд нэвтрүүлэх боломж бүрдэх, өвчтөн шилжүүлэх тогтолцоо цахимжсанаар иргэдэд тулгардаг хүндрэл үгүй болох юм байна.

Уг төсөл нийт 18.9 сая ам.долларын өртөгтэй. Энэхүү хөрөнгийг тоног төхөөрөмжийн хангалт, программ хангамж болон хүний нөөцийн чадавхийг сайжруулах зэрэгт зарцуулах аж.

Нийт 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн программ хангамж нийлүүлэх юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

相关新闻