Монголд эмчлэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-27 11:20:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг болон УГТЭ, ЭХЭМҮТ-ийн зүрхний мэс заслын эмч нар хамтран 36 өвчтөнд нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүллээ.

 

Энэ удаагийн  мэс засал нь гадаадын эмч нар зөвлөх болон хяналтын үүрэгтэй оролцож, дотоодын баг бие даан мэс заслыг гүйцэтгэснээрээ онцлог юм. Хамтарсан баг 27 хүүхэд, 9 насанд хүрэгчдэд тусламж үйлчилгээ хүргэснээс зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэх заалттай 6 хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс засал хийжээ. Түүнчлэн гол судасны хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, зүрхний агших чадвар буурсан зүрхний дутагдал хавсарсан гол судасны өгсөх хэсгийн хүнд хэлбэрийн цүлхэн засах гэхчлэн хүнд хэлбэрийн тохиолдлыг эмчилжээ. Эдгээр тохиолдлын зарим нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/273 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтдаг. Энэ төрлийн мэс заслыг өөрийн оронд хийсэн нь эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, цаашдын тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлж,  гадаад явах урсгалыг шат дараатай бууруулахад чухал ач холбогдолтой аж. 

 

УГТЭ хамтын ажиллагааны хүрээнд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс заслын чиглэлд Люксембург, Франц, БНСУ, БНХАУ, АНУ, Тайваниас жилдээ 20 гаруй зочин профессорын багийг урьж ажилуулж байна.

 

相关新闻