Жижиг худалдаачдад зориулсан моргейжийн зээлийг шинээр зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн хуулийн төсөл дээр байр сууриа нэгтгэжээ.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Хуралдаанаар УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонссон байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд "УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй" гэдэгт санал нэгджээ.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг энэ удаагийн чуулганаар хэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын танилцуулгыг сонссон аж.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийн хуралдаанаар 100 хувь дэмжиж, УИХ-ын чуулганаар яаралтай хэлцэх ёстой гэсэн байр суурьт нэгджээ. Мөн Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэрийг дэвшүүлсэн гэдгийг бүлгийн дарга мэдээлэв.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хариуцлагын тухай хуулийг Ардчилсан намын бүлэг яагаад дэмжсэнгүй вэ. Хойшлуулсан шалтгаан юу байв. Бүрэн эрх нь дуусч байгаа парламент энэ хуулийг баталсан бол дараагийн УИХ-д хэрэгтэй хууль байсан юм биш үү?
-Б.Гарамгайбаатар: -Хуулийн төсөл Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлцэгдээд олонхийн дэмжлэг аваагүй. Үүнийг УИХ-аар дахин хэлцэх талаар Ерөнхийлөгч санал гаргасан. АН-ын бүлгийн гишүүд ярилцаад байнгын хороогоор дэмжлэг аваагүй хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.
-Ш.Түвдэндорж: -Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн заалтууд байгаа учраас байнгын хорооны хуралдаанд дэмжигдээгүй. Тиймээс бүлэг ийм байр суурь барьж байна.
-С.Одонтуяа: -Бүлгийн хуралдаан дээр хүүхдийн мөнгөний талаар ярилцлаа. Тодотгол дээр 40 орчим тэрбум төгрөгийн нэмэлт зардал гарна байх. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж байгаа. Иргэдээс байгууллагууд бэлтгэлгүй байна гэсэн тодорхой шүүмжлэлүүд ирүүлж байгаа. Энэ талаар Засгийн газарт үүрэг өгсөн, хуулийг иргэд дэмжиж байна.
Ипотекийн зээлийн хувьд УИХ-ын дарга, бүлгийн дарга мэдээлэл хийсэн. Өнгөрсөн хугацаанд 75 мянган өрх хамарснаас ердөө 40 хүн буюу 0,05 хувь нь энэ зээлээ төлөхөд бэрхшээлтэй учирсан байдаг. Тиймээс хамгийн бага эрсдэлтэй, хамгийн боломжит зээл гэж үзээд цаашид хүүг нь бууруулах, ард иргэдийг дэмжих, дунд давхаргынхан хамрах тал дээр нэлээд зүйл санаачилж хийнэ.
УИХ-ын гишүүдэд иргэдээс худалдаж авах биш түрээсийн орон сууцны асуудлаар маш их өргөдөл ирдэг. Тийм учраас энэ талаар Засгийн газарт онцгой анхаарч ажиллах үүрэг өгсөн. Мөн Хөдөлмөрийн сайдад бүтээн байгуулалтын явцад ажилгүй байгаа залуучуудыг МСҮТ-д олноор нь хамруулах, төсөв санхүүжилтыг шийдэх, мэргэжилтэй боловсролтой болгох асуудал дээр анхаарах үүрэг өгсөн.
-Б.Гарамгайбаатар: -Түрээсийн орон сууцны журмыг удахгүй Засгийн газар гаргах гэж байгаа. Дээр нь Засгийн газар бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг удахгүй оруулж ирэх гэж байгаа. Жижиг үйлдвэрлэгчид буюу үсчин, жижиг худалдаачдад зориулсан моргейжийн зээлийг шинээр зохион байгуулахаар ярьж байна. Энэ нь орон сууцны 8 хувийн зээлтэй адил хувь тогтоож ажлын байрыг нь шилжүүлэх боломж байна гэж үзсэн. Иймээс АН-ын бүлэг эдгээр асуудал дээр онцгой анхаарч ажиллана.
-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийг өөрчилнө гэж байна. Яг ямар өөрчлөлт орох юм бол? Уг асуудал Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа шүү дээ?
-Б.Гарамгайбаатар: -Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өнгөрсөн баасан гаригт өргөн барьсан. Цэцийн гаргасан дүгнэлтээр өмнөх хууль хүчингүй болж байна гэсэн үг. Тиймээс Монголын банкуудын холбоо, Монгол банк орон сууцны 8 хувийн зээлийг зогсоосон. Ганц моргейжийн зээл ч биш бусад зээлүүдийг ч мөн зогсоосон. Тийм учраас АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд хамтарч шинэ хуулийн төсөл өргөн барьсан.
Хууль батлагдвал орон сууцны зээлийн үйл ажиллагаа сэргэх юм. Сэргээхдээ тодорхой зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. 14 хувьтай инфляцитай байхад 8 хувиар олгож байсан. Одоо инфляци 2.9 хувь дээр ирсэн учир зээлийн хүү 5 хүртэл хувиар буурах боломжтой гэж үзэж байгаа. 81 м.кв гэсэн хязгаар тогтоож зээл олгодог байсныг болиулж байгаа. 8 хувийн моргейжийн зээлтэй болбол нэг өрхийн сарын орлого 1.3 сая төгрөг байх ёстой байсныг одоо 530 мянган төгрөгийн орлоготой иргэн моргейжийн зээлд хамрах боломж нээгдэнэ. Ингэхдээ 43 м.кв байрнаас сонгоно. Хуулинд оруулж буй өөрчлөлтөөр иргэн банкнаас зөвшөөрөл авахгүйгээр түрээслэх буюу бизнесийн орлого олох үйл ажиллагаанд ашиглах боломжтой. Түүнээс зарж, борлуулах асуудалд банкнаас зөвшөөрөл авна гэж тусгасан. Мөн байртай болох боломжгүй иргэдэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг хайж байна.
-Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг хэзээ шийдвэрлэх юм бол?
-Б.Гарамгайбаатар: Энэ бол Ерөнхий сайдын мэдлийн хүрээний асуудал. АН-ын бүлгээс уг асуудлыг яаралтай шийдвэрлэх чиглэл өгсөн.
Б.Туул