Амралтын өдрүүдэд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭСар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах болсон талаар өнөөдөр НЗДТГ-аас мэдээлэл хийлээ.
Тухайлбал, энэ сарын 30, ирэх сарын 6-ны бямба гарагт улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн, нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны ням гаригт тэгш тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд авто хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Замын цагдаагийн газраас хийжээ.
Түүнчлэн Нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг улсын дугаарын сүүлийн оронгоор ялган энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарыг дуустал зохион байгуулах болжээ. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татвар төлөх юм. Тухайн сардаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй Бөгөөд дүрэм зөрчин хөдөлгөөнд оролцвол автомашиныг журамлах, жолооны эрх хасах зэрэг арга хэмжээ авах аж.
Ч.Ариунболд