Хүрэл баримлын гайхамшгийг таниулах "Журааны ертөнц" үзэсгэлэн нээлтээ хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-28 16:57:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Урчуудын эвлэлийн шагналт, чөлөөт уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн "Журааны ертөнц" уран баримлын анхны бие даасан үзэсгэлэн өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

 

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, "Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлийг туурвигч Н.Лхагвасүрэн нь бидний нэгэн адил нүүдэлчин монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа орчин үеийн нүүдэлчин билээ. Түүний зэрэгцээ тэрбээр аливаа шинэлэг санаа, хандлага үзлийг эрэн хайж, эргэлтгүй бэдэрч, зогсолтгүй хөдөлмөрлөж, хувьсан өөрчлөгдөн байдаг оюун санааны нүүдэлчин юм" хэмээн тодотгосон юм.  

 

Уран бүтээлч Н.Лхагвасүрэн долоон жилийн хугацаанд цутгуурын аргыг ашиглан хүрлээр хийсэн 30-иад бүтээлээ дэлгэсэн байв. Тэрбээр анх баримал барих санаагаа өөрийн Чико нэртэй нохойгоо харж байхдаа төрсөн аж. Тэр цагаас хойш баримлын төрөл рүү эргэлт буцалтгүй орсон байна. Өөрөөр хэлбэл, баримал түүний бүхий л зүрх сэтгэлийг автуулсан бөгөөд цаг хугацаа, үнэ өртөг ихээр шаарддаг хэдий ч тэрбээр дараа дараагийн бүтээлүүддээ хэдийнэ орсон гэж уран бүтээлч маань нээлтийн үеэрх сэтгэгдэлдээ дурдсан юм.  

 

Тэрбээр үзэсгэлэнгээ "Журааны ертөнц" хэмээн нэрлэсэн нь ямар нэг онцгой, сонин содон санаа агуулаагүй, түүний багад дууддаг байсан гэрийнхнийх нь нэр аж. Түүний үзэсгэлэнг “Айлаас эрэхээр авдраа уудал” үндэсний уран бүтээлчдийг дэмжих төслийнхөн дэмжиж ажилласан ба тус албан бус нэгдлийнхэн мөн ялгаагүй анхны ажлаараа үзэгчдэдээ "дүн"-гээ тавиулж буй нь энэ юм.

 

Тус үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.











相关新闻