Малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс худалдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМЦаг агаарын нөхцөл байдлын улмаас өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулан нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Этерналь гарден” ХХК-тай гэрээ байгуулан малчид фермерүүдэд хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл худалдаж эхэлжээ.
Гэрээний хүрээнд өвс тэжээлийн үнийн 70 хувийг малчид фермерүүдээс гаргаж, үлдэгдэл 30 хувийг дүүргийн ЗДТГ-аас санхүүжүүлэхээр болж байгаа аж. Гэрээ нийт 3 сар үргэлжлэх бөгөөд эхний ээлжинд энэ сарын 15-наас ирэх 2 дугаар сарын 15 хүртэл хивэг /25 кг/ 6125, хорголжин тэжээл /40кг/ 11760, тэжээлийн будаа /40кг/ 15400, хүчит тэжээл /40кг/ 17500, ногоон тэжээл өвс /25-30кг/ 4900, хадлангийн өвс /18-20кг/ 4550 төгрөгөөр худалдах юм байна. Нэг өрхөд олгогдох өвс тэжээлийн үнийн дээд хэмжээ 200000 төгрөг хүртэл байхаар тооцжээ.
Харин ирэх сарын 16-наас 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд өвс,тэжээлийн үнийг долоо хоног бүрийн Лхагва гарагийн ханшаар тохиролцож, үнийн мэдээллийг тухай бүр мэдээллийн сайт болон хороодоор дамжуулан иргэдэд хүргэх аж.
Н.Туяа