ЕБС-ийн III, IV ангид англи хэлний хичээлийг долоо хоногт хоёр цаг оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 15:20:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд III, IV ангид англи хэлний хичээлийг нэмэлт хөтөлбөрийн дагуу долоо хоногт хоёр цаг оруулахаар төлөвлөж байна.


Тус хөтөлбөрийн сурах бичигт монгол ахуй, соёлтой холбоотой агуулгаар баяжуулан тохируулж хэвлээд, хүүхдийн тоогоор нийлүүлэхэд бэлэн болжээ. 


Боловсролын яам олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтран 2024-2025 оны хичээлийн жилд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, соёл, уламжлалд нийцүүлэн, боловсруулсан англи хэлний цогц хөтөлбөрийг төр, орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын түшиц 105 сургуулийн 3-4 дүгээр ангид туршжээ. Туршилтад нийслэлийн 37, аймгийн төв, сумын 67 сургуулийн 3-4 дүгээр ангийн 37,161 суралцагч хамрагдаж, ярих, сонсох, унших, бичих анхан шатны ур чадвар эзэмшжээ. 

Туршилтаар III, IV ангид заах англи хэлний хөтөлбөрийн тохирц, зохион байгуулалтын хэлбэрийг тохируулж, баталгаажуулсан бөгөөд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс англи хэлний хөтөлбөрийг III, IV ангид хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна. 


Багшийн хүрэлцээ, ур чадвар чухал байгаатай холбоотойгоор 2025 оны дөрөвдүгээр сард төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсан бөгөөд үр дүнд нь 3, 4 дүгээр ангид англи хэлний хичээлийг дунд ангийн мэргэжлийн англи хэлний багш нар, бага ангийн багш нар болон бусад хувилбаруудыг сургуулийн нөөц, боломждоо тулгуурлан заах боломжтой гэжээ.  Үүний дагуу англи хэл заах багш нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттай эхлүүлээд байна. 

相关新闻