"Нүүдэлчдийн аялал жуулчлал" анхдугаар форумыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-20 14:35:29

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг Испанийн Вант улсын Мадрид хотноо айлчилж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын төвд ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улс цаашид аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хэрхэн хангах, дэлхийн болон бүс нутгийн интеграцчилалд хамрагдах, олон улсын хамтын ажиллагаанд оролцох стратеги болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах, ойрын 10 жилийн алсын харааг тодорхойлох зэрэг асуудлууд дээр санал солилцон тодорхой шийдвэрүүдийг гарган харилцан тохиролцсон байна. 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифай энэ үеэр "Монгол Улс Дэлхийн аялал жуулчлалын салбарын томоохон тоглогчийн нэг болох бүрэн боломжтой бөгөөд энэ зорилгод хүрэхэд ДАЖБ-ын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол улсын “Нүүдлийн аялал жуулчлал”-ыг CNN, National Geographic зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дэлхийн хамгийн зорин очих үзүүштэй газар нутгийн нэг хэмээн зарлаж байгаа нь маш ирээдүйтэй аяллын төв болох боломж байгааг харуулж байна" гэжээ.

Айлчлалын дүнд Аялал жуулчлалын тандалт, судалгааны төвийг /Tourism observatory/ ДАЖБ-ын тусламжтайгаар анх удаагаа байгуулахаар тохиролцжээ. Уг төв нь аялал жуулчлалаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, жуулчны статистик тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, мэдээллийн сан үүсгэх зорилготой.

Мөн "Нүүдэлчдийн аялал жуулчлал" сэдэвт дэлхийн аялал жуулчлалын анхдугаар форумыг ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо ДАЖБ-тай хамтран зохион байгуулах, НҮБ-ын ДАЖБ-ын төвд Монгол Улсаас мэргэжилтнүүдийг урт хугацаанд дадлагажуулан ажиллуулахаар тохиролцож, Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх тал дээр техникийн тусламж үзүүлэх талаар санал солилцжээ. 

Н.Туяа

相关新闻