Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 18 мянга гаруй иргэн үйлчлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-22 10:02:24

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит  хуралдаан өчигдөр буюу энэ сарын 21-нд болж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Төрийн үйлчилгээг нэг цэгээс хурдан шуурхай, тэгш, хүртээмжтэй өгөх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг  Дүнжингарав худалдааны төвд байгуулж энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 242 төрлийн үйлчилгээг энд төвлөрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 18 мянга 451 иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэж тус төвийн дарга О.Мөнх-Оргил танилцууллаа.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдад тусгай хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулж байгаа  бөгөөд албан хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа юм. Цаашид нэгдсэн төвд ажиллаж байгаа албан хаагчдын үндсэн байгууллага дээрээ давхар ажиллаж байгааг зогсоож, арын ажлаас нь бүрэн чөлөөлөх гэх зэрэг зохион байгуулалтын ажил явуулах шаардлагатай болжээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн Улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээг энэ 7 хоногоос үзүүлж эхэлжээ. Бүртгэлийн чиглэлийн нийт 80 гаруй үйлчилгээ байдгаас нэгдсэн төв одоогийн байдлаар 32 үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд төрөөс үзүүлэх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн нь иргэдээс маш их дэмжлэг авч байгааг сайшаагаад “Төр иргэндээ тэгш, хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж болдог гэдгийг харуулсан томоохон жишээ нь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв болсон. Тиймээс энэ төвийн үйлчилгээг улам илүү сайжруулах, үйлчилгээний төвд ажиллаж байгаа албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг хангах нь  чухал” гэдгийг онцлов.

Ч.Ариунболд

相关新闻