2015 оны шилдэг ханган нийлүүлэгчдийг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-01-25 09:39:55

“Оюу толгой” компани шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулах “Эрдэнийн говь” ёслолыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулжээ.

Тус арга хэмжээнд төр, засгийн албаны хүмүүс, Өмнөговь аймаг болон орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөгчид болон ханган нийлүүлэгчид оролцов. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулсан байна. 

“Эрдэнийн говь-2015” цомын эздээр Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч – “Эн Би Ай Кэй” ХХК, Нийлүүлэлтийн шилдэг гүйцэтгэл – “Мэргэн чадвар” ХХК, Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч – “Ханбогд хурд” ХХК, Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч – “Минерал бэйг” ХХК,
Гран При – “Максам экплосивс” ХХК нар шалгарчээ.  

“Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь буюу 633 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан аж. 2015 онд дотоодын худалдан авалтын хэмжээ үйл ажиллагааны нийт зардлын 80 хувь болсны зэрэгцээ үүний 51 хувийг үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулжээ. Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол 2015 оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрчээ.

Н.Туяа

相关新闻