Ахмадууддаа сар шинийн бэлэг хүргэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-02 22:28:04

Аймгийн Засаг дарга 90 болон түүнээс дээш настай ахмадууддаа сар шинийн бэлэг гардуулж байна. Засаг даргын бэлгийг энэ жил 86 ахмад хүлээн авна.

Дундговь аймагт 4100 гаруй ахмад настан аж төрдөг. Уламжлал ёсоор 100 болон түүнээс настай ахмадууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг хүлээн авах бол 90 болон түүнээс настай ахмадууддаа аймгийн Засаг дарга, 80 болон түүнээс дээш настай ахмадуудад сумын Засаг дарга нь тус тус сар шинийн бэлэг гардуулах юм.

Мичин жилийн сар шинийн бэлэг болгож Засаг дарга ахмадууддаа Үндэсний манлай үйлдвэр “Мандалговь Хүнс” ХХК-ийн багц бүтээгдэхүүнийг бэлдсэн байна. Тэрээр аймгийн сайн малчдын шагнал болон ахмад настнууддаа барих сар шинийн бэлгийг ийнхүү орон нутгийн үйлдвэрлэгчээсээ худалдан авсан нь баялаг бүтээгчдээ дэмжсэн сайн шийдэл болжээ.

Энэ жил улсынхаа Ерөнхийлөгчийн гарын бэлгийг Дундговь аймгийн 5 ахмад настан хүлээн авна. Тэд Дэрэн, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Сайнцагаан суманд аж төрдөг бөгөөд Дундговь аймгийн хамгийн өндөр настай ахмад Дэрэн сумын Бумбат багийн иргэн С.Банзрагч гуай болж байна. Тэрээр 103 нас сүүдэрт хүрч, улсынхаа Ерөнхийлөгчийн бэлгийг гурав дахь жилдээ хүлээн авах юм.

Т. Отгонтуяа

相关新闻