Хонин жилийн алдартнуудыг олон нийтийн санал асуулгаар тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-02 22:53:34

“Дундговийн амьдрал” сонин, эх орон-21 мэдээллийн сайтын зохион байгуулсан Хөхөгчин хонин жилийн алдартнуудыг тодруулах цахим санал асуулга дуусч,  оны алдартнууд тодров.

Оны алдартанд 30 гаруй хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд санал асуулгын явцад арван хүн нэрээ татсан байна. Олон нийтийн мэдээллийн сүлжээгээр болон тусгай дугаарын утсанд мессежээр санал хүлээн авснаас хамгийн олон буюу 720 гаруй саналыг Сайнцагаан сумын 3 дугаар сургуулийн монгол хэл бичгийн багш, Монгол хэл бичгийн улсын олимпиадын аварга, Боловсролын тэргүүний ажилтан Д.Отгонсүрэн авсан байна.

Саналыг дараалуулбал, 685 саналаар гар бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер М. Гаамаа,  579 саналаар Монгол Улсын мастер тогооч Х.Энх- Амгалан,  534 саналаар ОХУ- ын Буриад улсын дуурийн театрын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт, 517 саналаар Сайнцагаан сумын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн багш Д.Баттогос, 440 саналаар Төв халхын дуулалт жүжгийн театрын бүжигчин Олон улсын бүжгийн “Венок дружбы” наадмын 3- р байрын шагналт У.Өнөрбаяр, 375 саналаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Б.Дэлгэр, 366 саналаар аймгийн ЗДТГ-ын ерөнхий санхүүч, Монгол Улсын шилдэг нягтлан бодогч С.Энхжаргал, 331 саналаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ч.Баяраа нар Дундговь аймгийн Хөхөгчин хонин жилийн алдартнаар тодорчээ.  

Т. Отгонтуяа

相关新闻