Ц.Цолмон сайд Архангай аймгийн Улсын сайн малчны шагналыг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-08 09:37:31

Монголчууд бид гал бичин жилийн сар шинээ угтан золгох гэж байна. Сар шинийн өмнөх энэ өдрүүдэд малынхаа буян хишгээр 21 аймгийн 118 малчин "Улсын сайн малчин" хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.

Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог Засгийн газраас нэмэгдүүлсэн байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Засгийн газрын гишүүний хувиар 2016 оны хоёрдугаар сарын 06-07-ны өдрүүдэд өөрийн төрсөн нутаг болох Архангай аймагт ажиллаж, Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчаар тодорсон нутгийн зон олон, хамт олны шагнал, цол тэмдэгийг гардуулан өглөө. Ц.Цолмон сайдын хамтаар ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат ажиллав. Архангай аймаг нь сүүлийн жилүүдэд малын тоо, толгойгоор улсдаа тэргүүлж яваа бөгөөд энэ жил 9 хүн "Улсын сайн малчин" болж байгаа юм. Тэдний нэг нь Хотонт сумын Хөөвөр багийн малчин Ч.Базаррагчаа гуай юм.

Ч.Базаррагчаа гуай бол таван үеийн малч ухаант буурал ажээ. Анх аймгийнхаа Барилга, угсралтын газарт барилгачин, бригадын даргаар ажлын гараагаа эхэлсэн тэрээр хожим Цэнхэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга болтлоо төрийн албанд насаараа ажилласан байна. Харин малын захад 1990 оноос хойш гарснаас хойш малынхаа тоо толгой, үүлдэр угсааг сайжруулахад бодитой ажиллаж байгаа хөдөлмөрөө үнэлүүлж 2005 онд сумын "Мянгат малчин", 2008 онд аймгийн сайн малчин цол хүртсэн бол энэ жил Засгийн газраас "Улсын сайн малчин"-аар өргөмжилсөн нь энэ. Ч.Базаррагчаа гуайнх таван хүүхэдтэй бөгөөд тэд багш, эмч, инженер, малчин гэнэ. Энэ жил төрсөн дүү Ч.Батсайхан нь сумын "Мянгат малчин" болсон, хоёр жилийн өмнө хүргэн Д.Жагар нь Улсын сайн малчин болж байсан гээд малын буян дагасан энэ гэр бүлийн ярих яриа, хэлэх зөвөлгөө, сургааль сургамж их байлаа. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ буурайг сумынхаа залуу малчдыг дэмжин урамшуулж, малжуулж ирсэнд талархал илэрхийлээд "Улсын сайн малчин" цол тэмдэг, түүний гарын бэлэг, Батлан хамгаалахын сайдын гарын бэлэг зэргийг гардуулан өгсөн юм. Энэ жилээс эхлэн Засгийн газрын шийдвэрээр гэрийн эзнээс гадна гэрийн эзэгтэйд сайн малчны цол тэмдэгийг давхар гардуулж өгөхөөр болсны дагуу гэрийн эзэгтэй Б.Дашзэвэг гуай ч энгэрээ мялаасан. Ч.Базаррагчаа "Нутгийн сайдаасаа энэ эрхэм шагналыг гардан авсандаа баяртай байна. Сумаас маань төрсөн генерал Р.Сүхбат хүртэл гэрт маань зочилж ирсэнд бэлэгшээж сууна, өвөө нь. Мал гэдэг буянтай амьтан. Залуу малчиддаа хэлэхэд малаа сайн ажиж тарга тэвээргийг нь тохируулж бай. Отор нүүдрээр сайн яв. Одоо малын тоо толгойгоос илүү чанар, үүлдэр угсаанд нь анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр төр, засгийнхан ч гэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлбэл сайн. Ер нь мал маллахад хэзээ ч оройтдоггүй юм"хэмээгээд талархлаа илэрхийлж байв. Үүний дараа аймаг, сумын удирдлагууд баяр хүргэж шагнал гардуулсан юм.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Хотонт суманд ажилласны дараа Төвшрүүлэх суманд ажиллаж "Улсын тэргүүний тариаланч" болсон "Багахангай" компанийн хамт олонд шагналыг нь гардуулан өгсөн. Улсдаа малынхаа тоогоос гадна газар тариаланд ахицтай явааг энэ компанийн хамт олны амжилт бүтээлээс харж болох ажээ. 30 гаруй жилийн туршид газар тариалан эрхэлж байгаа, 2000 гаруй га талбайд буудай тарьдаг, зөвхөн буудай тариад зогсохгүй гурилын үйлдвэрээ 2013 онд нээсэн, ойролцоох 3-4 сумын гурилын хэрэгцээг хангах хүчин чадалтай, өдөрт 10 тонн гурил үйлдвэрлэдэг. сумандаа ажлын байр нэмэгдүүлж ажилладаг тухай компанийн захирал н.Жавхлан онцолж байв. 10 жилийн өмнө "Улсын тэргүүний тариаланч"-аар шалгарч байсан бол энэ жил хошой аварга болсон байна. Газрын үр шимээр сум орон нутгаа эрүүл, эко гурилаар хангадаг, Говь-Алтай аймгаас арвайн сорт авчирч арвайн буудай болгож гаргасан зэрэг ажилч хичээнгүй хамт олонд Ц.Цолмон сайд баяр хүргээд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.

Харин Ц.Цолмон сайдын дараагийн ажилласан сум нь Булган. Энэ сумын малчин Ц.Баяраа малынхаа тоо, толгой, үүлдэр угсаагаа сайжруулахад идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа учраас аймгийнхаа сайн малчнаар тодорсон байна. Ц.Баяраа залуу, халуун наснаасаа эхлэн онцгой байдлын албанд шүхэрчин, гал сөнөөгчөөр ажилласан бөгөөд тэтгэвэрт гармагцаа малчин болжээ. Мал маллахад түүний хувьд тийм ч дардан байгаагүй гэнэ. 2008 оны зуднаар бүхий л малаа алдчихаад сууж байсан энэ хүн өнөөдөр уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр буянт малынхаа тоог арвижуулж, өсгөж чаджээ. Мал маллахаас гадна удам дамжсан уран дархан эр. Хазаар, мөнгөн аягаас эхлээд зуух, таван ханатай гэр урладаг гээд түүний бүтээлүүд өргөө гэрээр нь дүүрэн байв. Аймгийн удирдлагууд нь үзэсгэлэн яармаг бүрээр урласан бүтээлээ дэлгэж, олон нийтэд орон нутгаа сурталчлах хатуу үүрэг "өгсөн" учраас малдаа тавих анхаарал нь хааяа даа сулрах гээд байдаг талтай гэнэ. Гэхдээ энэ хоёр ажлаа хослуун авч яваа түүний хөдөлмөрийг төр, засаг үнэлж байгаад талархаж буйгаа илэрхийлж байсан юм. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат нар Архангай аймгийн Цэцэрлэг хотод орон нутагтаа батлан хамгаалах салбарыг сурталчлах, залуусыг эх оронч хүмүүжил олгоход идэвх санаачлагатай ажиллаж байгаа зарим хүнийг "Чөлөөлөх дайны ялалтын 70 жил" ойн медалиар шагнаж урамшуулсан юм гэж БХЯ-ны Хэвлэлийн албанаас мэдээлэв.

相关新闻