Нэг жуулчин хоногт 190 ам.доллар зарцуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголд ирсэн нэг жуулчин хоногт дунджаар 190 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгааг Монголбанк гаргажээ.
Өнгөрсөн онд Монгол Улсад 385 мянган жуулчин иржээ. Үүний 92 хувь нь Улаанбаатар хотоор дамжин, орон нутгийг зорьдог байна. Тиймээс аялал жуулчлалын салбараас орох мөнгөн урсгалыг нэмэх зорилгоор НЗДТГ-аас "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ онд Монголын үндэсний түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлан таниулах 25 багц ажил хийхээр төлөвлөсөн талаар НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга нар мэдээллээ.
Багц ажилд Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулах урлаг, соёлын арга хэмжээ, 2015 оноос зохион байгуулж эхэлсэн “Даншиг наадам-Хүрээ цам-2016", Сонгодог урлагийн үдэш, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд багтжээ.
Жуулчдын тоог нэмэхийн тулд Зочид буудал, дэн буудлын стандартыг шинэчлэх, Төрийн байгууллагуудаас зохион байгуулдаг олон улсын хурал, зөвлөгөөнийг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулах зэрэг зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.
Мөн жуулчдийн мэдээлэл шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх, хот орчмын явган аяллын гол чиглэлийг олон улсын стандартын дагуу үлгэр жишээ тохижуулах, Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах зорилт тавьсан байна.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ