Н. Дагийранзын нэрэмжит болгосон тухай батламж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийг Ардын жүжигчин Н.Дагийранзын нэрэмжит болгосон тухай батламжийг аймгийн Засаг дарга өнөөдөр тус хамт олон гардуулсан байна.
Сар шинийн баярын өмнөхөн аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид хуралдаж, Өлзийт сумын Соёлын төвийг Монгол Улсын Ардын жүжигчин Н. Дагийранзын нэрэмжит болгох шийдвэрийг гаргасан юм.
Тус хамт олон нь аймагтаа төдийгүй улсдаа үнэлэгдсэн үйл ажиллагаатай. 1960 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд улс, аймагт зохион байгуулагдсан 40 гаруй урлагийн наадамд тогтмол эхний байрын шагнал хүртэж, 130 гаруй алдартныг тайзнаасаа төрүүлсэн түүхтэй байгууллага юм.
Төрөлх нутгаасаа төрсөн Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранзын Монголын урлаг, ялангуяа кино урлагт зүтгэсэн үйлс гавъяа, ардын язгуур урлагийн урын санг баяжуулахад оруулсан үнэт хувь нэмэр, үе үед алдаршин үлдсэн уран бүтээлийг нь мөнхжүүлж, хойч үеийнхэнд таниулж явах үүднээс түүний нэрэмжит болох санаачлага нь ийнхүү сум, аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдээр дэмжигдэн баталгаажжээ.
Т. Отгонтуяа