Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхийг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхийг шаардаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийв.
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийх байсан ч энэ сарын 18-ныг хүртэл хойшилсон. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонсох байсан юм. Гэвч чуулганы нээлт хойшилж байгаа учир энэ хууль хэрэгжихгүй гацаанд орсон талаар Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал, МУСТА, дуучин Ж.Эрдэнэдалай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Паралимпийн аварга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан нар сэтгүүлчдэд хандсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс ялгаварлан гадуурхахыг хориглох, ялгаварлан гадуурхсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгчээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг тусгаж, хөдөлмөр эрхлэлтийн асуудал, төрийн болон бусад байгууллагын зүгээс хэрхэн дэмжих болон хүртээмжийн асуудлыг багтаасан сайн хууль болсон гэдгийг тэд онцолж байлаа.
Энэ хуулийг хүлээж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон байгаа учир УИХ-ын ээлжит бус чуулганыг хойшлуулалгүй эхлүүлж, эцсийн найруулгыг нь сонсож, бүрэн гүйцэд хэрэгжүүлж эхлүүлэхийг хүсч байв.
Н.Туяа