34 сая төгрөгөөр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-16 21:07:21

Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Хөдөлмөрийн яамны хэрэгжүүлдэг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр энэ онд Дундговь аймгийн 17 залуу ажлын байртай болно. Үүнд зориулж 34 сая төгрөг төсөвлөгдөн иржээ.

Өнгөрсөн онд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөөр 25 хүртэлх насны 40 залуу 8 төсөлд дэмжлэг авсан байна. Үүний үр дүнд Дэлгэрцогт, Гурвансайхан, Сайнцагаан суманд цайны газар, барилгын засал чимэглэл, хими цэвэрлэгээ, өнгөт хэвлэлийн үйлчилгээ болон блокийн үйлдвэрлэл шинээр бий болжээ.

Энэхүү хөтөлбөр 2016 онд хэрэгжихдээ ямар нэг шинэчлэгдсэн зүйл байгаа эсэхийг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Ц. Оюун-Эрдэнээс тодруулахад, урьд нь таван залуу нийлж баг болсноор төсөл боловсруулж, төслийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл шалгаруулан нэг багт 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн буцалтгүй дэмжлэг үзүүлж байсан. Харин энэ жилийн хувьд төсөл хэрэгжүүлэгч баг заавал таван гишүүнтэй байхыг шаардахгүй. Тав хүртэл гишүүнтэй байх бөгөөд гишүүн тус бүрт 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсныг хэллээ.

Т. Отгонтуяа

相关新闻