Монгол эрдэмтэд бүс нутгийн судалгаанд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал профессор С.Чулуун нар Япон улсын Осака хотын Үндэсний Угсаатны музейд нэгдүгээр сарын 21-25-нд болсон “Зүүн хойд Азийн судалгааны төслийн уулзалт”-д оролцов.
Тус хурлын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Японы Хүмүүнлэгийн Үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч Нарифүми Тачиматотай хамтран ажиллах гэрээ байгуулав. Энэхүү гэрээний үндсэн дээр Осака хотын Үндэсний музейд “Зүүн хойд Азийн бүс нутгийн судалгааны оффисс”-ыг нээсэн бөгөөд Монгол дахь төлөөлөгчийн газрын оффиссыг Түүх, Археологийн хүрээлэнд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нээх юм.
Гэрээ байгуулах ёслолд Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Осака хотноо суугаа консул Ч.Куланда нар байлцав.
Тус Үндэсний хүрээлэн нь дотроо Осака Үндэсний угсаатны музей, Японы хэл шинжлэлийн хүрээлэн, Киотогийн байгаль, хүмүүнлэгийн хүрээлэн зэрэг хэд хэдэн томоохон музей, хүрээлэнг багтаан үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Энэхүү гэрээг байгуулснаар ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын хүрээлэнгүүд бүс нутгийн хамтарсан судалгаанд оролцох бөгөөд ОХУ, Япон, Солонгос, БНХАУ хамтран урт хугацааны төсөл эхлүүлж байгаа юм. Мөн Япон дахь судалгааны төвд зочин судлаачдыг илгээх боломж нээгдэж байна.
Ж.Болор