“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 19 арга хэмжээ зохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-02-22 16:42:22

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2016 онд нийслэл хотыг сурталчлах, гадаадын жуулчдыг татах, үндэсний өв соёлоо таниулах зорилгоор олон нийтийг хамарсан спорт, соёл, урлагийн 19 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд хоёр сая, 2030 онд таван сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. НЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд энэ онд зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, УДБЭТ-ын Ерөнхий захирал Ч.Мөнхзул нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл “Үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд олон нийтийг хамарсан соёл, урлагийн 19 үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээрийн дотор Даншиг наадам-Хүрээ цам, Сонгодог урлагийн үдэш, “Плей тайм” амьд хөгжмийн наадам, Талын наадам Монгол туургатны бүжгийн их наадам, төв талбайд зохиогддог цуврал фестивалиуд зэрэг 2015 оноос эхэлсэн жуулчдын сонирхлыг ихээр татаж буй соёл, урлагийн үйл ажиллагаанууд багтсан” гэв.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд ирэх гуравдугаар сарын 26-аас дөрөвдүгээр сарын 10-ны өдрүүдэд “Дэлхийн цирк Монголд” олон улсын цирк нийслэлд тоглох юм байна. Үүнээс гадна “Ulaanbaatour”аялал, амралтын олон улсын үзэсгэлэн, “Улаанбаатар венийн үдэш” вальс бүжгийн үдэш, “Дээлтэй Монгол” наадам, “Учиртай гурван толгой” дуурь, 500 ламын ном хурах ёслол, Олон улсын хоолны фестиваль  зэрэг олон сонирхолтой арга хэмжээ төлөвлөжээ.  

Өнгөрөгч онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.4 тэрбум зарцуулсан бол энэ он 3.6 тэрбум төгрөг нийслэлээс төсөвлөжээ. 2015 онд зохион байгуулсан соёл урлагийн 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, 500 гаруй тайз техникийн болон зохион байгуулалтын  ажилтан, 1500 гаруй уран бүтээлч хамрагдсан бөгөөд үүний дотор өөрсдийн зардлаар 13 орны 190 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж оролцож байжээ.

Дашрамд дурдахад, тус хөтөлбөрийн зорилт нь жуулчдыг татахаас гадна ард иргэдийн соёл урлагийн боловсролд нөлөөлөх, нийгэм цаг үеийн уур амьсгалыг зөөллөх чухал ач холбогдолтой  юм байна.

С.Сайнзаяа

 

 

相关新闻