“Алтан од” баг ОХУ-д болох тэмцээнд Монгол Улсаа төлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-02-23 14:41:57

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд долоо дахь жилдээ зохион байгуулж буй "Сурагчдын лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт Буянт Ухаа спортын ордонд явж өндөрлөв.

Тус тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн 112 сургуулийн 6413 багийн 81158 сурагч өрсөлдсөн юм.

Гурван насны ангиллаар зохион байгуулсан уг тэмцээний эмэгтэй ахлах насанд Б.Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Алтан од” багийн тамирчид Багануур дүүргийн багийг 40:38 харьцаатай хожиж алтан медалийн эзэд болов. Мөн насны ангилалд 1 дүгээр сургуулийн баг хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний “Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар  “Алтан од”  багийн дасгалжуулагч багш Б.Дэлэг  шалгарч, мөн багийн тоглогч 11дүгээр ангийн сурагч Ч. Намуунаа “Шилдгийн шилдэг тоглогч” болж багаараа ирэх сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.

Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная Баскетбольная Лига “КЭС-БАСКЕТ” ТББ, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо хамтран зохион байгуулав.

Ж.Болор

相关新闻