Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ олны талархлыг хүлээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг”-ийг Баруун-Урт сумын таван цэгт болон бүх суманд явуулын хэлбэрээр зохион байууллаа. Өдөрлөгийн үеэр 400 орчим иргэнд үйлчилгээ үзүүлж, нийт нэг сая 526,5 мянган төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлжээ.
Иргэд өөрт холбогдох мэдээлэл хэрэгцээт үйлчилгээгээ гэртээ болон албан байгууллага, ажлын байрандаа авч байсан нь энэ удаагийн өдөрлөгийн гол онцлог байсан юм. “Иргэдийн хувьд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль /АЖТДШНТ/болон нийгмийн даатгалын үйлчилгээг хэрхэн цахимаар авах боломжтойг сонирхож байна.
"Манай аймгийн хувьд хуулийн хэрэгжилт сайн байгаа. Хуулийн хугацаанд бид 11 мянга гаруй иргэнийг хамруулсан үзүүлэлтээрээ улсын хэмжээнд хоёрдугаар байрт шалгарсан. Одоогоор аймгийн хэмжээнд 300 орчим иргэний баталгаажих хуудас олгогдоогүй байна. Тиймээс эдгээр иргэдэд энэхүү баталгаажсан хуудсыг олгох ажлыг өдөрлөгийн үеэр хийж байна. Хуулийн хэрэгжилт хангалттай түвшинд байгааг дахин хэлье. Иргэдийн асууж буй бас нэг зүйл нь малчны тэтгэвэр. Энэ талаар зарим иргэд маш ташаа ойлголттой явж байна.
Бид өдөрлөгийн үеэр иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа. Үүнд үндэслэж цаашид хийх ажлаа тодорхойлно. Энэ нь өдөрлөгийн томоохон үр дүн гэж харж байгаа. Нөгөө талаар нийгмийн даатгалын үйлчилгээ цахимд шилжсэнтэй холбоотойгоор иргэдийн утсанд тус аппликэйшныг суулгаж өгөх үйлчилгээг давхар үзүүлж байна. Зөвхөн өдөрлөгийн үеэр 81 иргэн утсандаа манай аппликэйшныг суулгуулсан. Ингэснээр иргэд нийгмийн даатгалын үйлчилгээг ямар ч үед гэрээсээ, ажлын байрнаасаа авах боломж бүрдэж буй. Явуулын үйлчилгээнд үйлчилүүлэгчид сэтгэл ханамжтай байна” гэж аймгийн НДХ-ийн үйлчилгээний тасгийн дарга Ө.Бат-Амгалан хэлэв.
Өдөрлөг нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд явагдсан бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээг нэг дор үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэснээрээ ач холбогдолтой болжээ.
Т.Одончимэг