Цахим систем нэвтэрснээр төрийн байгууллагын ачаалал 50 хувиар буурна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хэмжээнд ирэх сарын 01-нээс улсын болон хувийн 7 амаржих газарт цахим бүртгэлжилт нэвтэрснээр хүүхэд төрсөн даруйдаа регистрийн дугаараар бүртгүүлнэ.
Цахим системийн “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөрийг Улсын Бүртгэлийн ерөнхий газар, ЭМЯ, Үндэсний статистикийн хороотой хамтран улсын хэмжээнд ирэх 11 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх юм. Уг системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгохоос гадна эмнэлгээр үйлчлүүлэгчдийг бүртгэж эхлэх юм. Улсын бүртгэлийн байгууллага нь төрсний болон нас барсны бүртгэлийг эрүүл мэндийн мэдээллийн санд үндэслэн хөтөлдөг. Тэгвэл энэ бүхэн цахимжиж төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжрах, харилцан мэдээлэл солилцох, бүртгэл, статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, үйлчилгээний шуурхай байдлыг хангах, улмаар олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох зэрэг чухал ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
ЭМЯ-ны эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Г.Батбилэг: Цахим системийн хэрэгжих хугацаа 11 дүгээр сарын 01-ний өдөр байсныг бид хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 10 дугаар сарын 01-нээс нийслэлд эхлүүлэхээр төлөвлөсөн. Нэг сарын хугацаанд нийслэлд туршаад амжилттай болвол ирэх сарын дундуур үндэсний хэмжээнд төрөлт, нас баралтыг цахимаар бүртгэх сургалтыг үргэлжлүүлнэ. Ийнхүү цахимаар бүртгэснээр иргэний бүртгэлийн тоон мэдээллийг үнэн зөв, алдаагүй бүртгэх нөхцөл бүрдэх юм. Мөн дөнгөж төрсөн хүүхдийн вакцины товлолыг бүртгэлжүүлэх олон талын ач холбогдолтой. Энэ талын мэдээлэл технологи, цахим системийн холболтыг хийсэн.
УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан: Энэхүү систем хэрэгжсэнээр төрийн байгууллагын ачаалал 50 хувиар буурна. Цаашилбал замын түгжрэл ч буурна. Гадаад паспортын үйлчилгээг өнгөрсөн 4 дүгээр сараас хойш дүүргүүдийн 10 нэгжид тараасан. Өмнө нь өдөрт 1000 гаруй хүн 100 айлын салбараас гадаад паспортын үйлчилгээг авдаг байсан. Үүний адил цахим систем хэрэгжсэнээр ачаалал буурна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд бусад байгууллага мэдээллийн сангаа сайжруулж, манай байгууллагатай холбогдох шаардлагатай. Хуулиар бүртгэлийн байгууллага бол улсын суурь мэдээллийн сан. Тиймээс суурь мэдээллийн сантай төрөлжсөн мэдээллийн сан холбогдохын тулд техник технологийн программ бэлэн байх ёстой.
Энэ ажлын бэлтгэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэгч нар хоёр өдрийн сургалтад хамарсан байгаа.