Удирдах бүрэлдэхүүнээс бие бялдар, сэтгэлзүйн сорил авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-28 11:26:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний бие бялдар болон сэтгэл зүйн сорилоор гурав дахь өдрөө үргэлжилж байна. Аймгийн удирдлагууд, онцгой комиссын гишүүд, сумд агентлаг албадын дарга гэсэн 130 гаруй хүн сорилд оролцлоо.

Удирдах бүрэлдэхүүнийхэн арван багт хуваагдаж саадтай зурвас, байршил тогтоох, асуулт хариулт, анхны тусламж үзүүлэх, гал унтраах, химийн норматив гэсэн зургаан цэгт даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорьж буй юм.


“Аймгийн хэмжээнд удирдах бүрэлдэхүүн анх удаа ийм төрлийн сорилд оролцож байна. Миний хувьд цэргийн алба хааж байсан ч ийм төрлийн сорил өгч байгаагүй. Зарим даалгавар нь гүйцэтгэхэд хүнд байлаа. Ер нь цаашид үүнийг сум орон нутгийнхаа хэмжээнд тогтмол хийж хэвших нь зөв юм байна.” гэж Наран сумын засаг дарга Л.Оч хэллээ.

“Даалгавар нууц байсан учир гүйцэтгэхэд хүнд байлаа. Гэхдээ энэ удаагийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд олон дадлага сургуульд оролцож, заримыг нь биечлэн гүйцэтгэсэн нь үнэхээр үр өгөөжтэй байлаа. Сурсан мэдсэн зүйлээ хамт олонтойгоо хуваалцаж, амьдрал ажил дээрээ хэрэгжүүлэх болно” хэмээн Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар   сургуулийн захирал Ч.Алтаннавч ярив.

Т.Одончимэг

相关新闻