Нэг тэрбум долларын зээлийн шугамыг талууд ирэх сард хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭШИНЭ-ДЕЛИ. /The Hindu/. Өнгөрсөн тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчлах үеэрээ дурдсан нэг тэрбум долларын зээлийн шугамын тухай хэлэлцээг хоёр улс ирэх сард эхлэх гэж байна.
"Ирэх сард Монголын төлөөлөгчид Энэтхэгт айлчилж, Ерөнхий сайд Модигийн дурдсан тэрбум долларын зээлийн шугамын тэргүүлэх чиглэлийг тодорхойлно гэж бид төлөвлөж байна. Монгол, Энэтхэгийн төлөөлөгчид дэд бүтэц, мэдээлэл-технологи, боловсролын төслүүдийн тухай хэлэлцээ хийнэ" гэж Монголыг чиглэсэн Энэтхэгийн бодлоготой ойр байдаг албаны эх сурвалж мэдэгдэв.
Ерөнхий сайд Моди Монголд айлчилж, зээлийн шугам байгуулах тухай “зарчмын хувьд” мэдэгдсэнээс есөн сарын дараа хоёр тал яриа хэлцээ хийхээр төлөвлөсөн нь ихээхэн ач холбогдолтой юм.
Энэтхэг 20 сая долларын үйл ажиллагааны зээлийн шугамыг Монголд нээсэн бөгөөд үүний 1.5 саяыг мэдээлэл-технологийн төсөлд зарцуулсан байна. Нэг тэрбум долларын зээлийн шугамын дийлэнхийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулна гэж Монголд зээлийн шугам нээхээр ажиллаж байгаа “Exim” банкны ажилтан мэдэгдэв.
Олон улсын харилцаанд нь БНХАУ болон ОХУ давамгайлж байгаатай холбоотойгоор Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд уг стратегийн нэг хэсэг нь зээлийн шугам нээх юм гэж “Hindu” сонинд бичжээ.
Д.Нямтулга