Хоггүй монголыг буй болгох талаар ярилцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/. "Хоггүй монголын төлөө" ТББ-ын тэргүүн М.Бүжинлхам "Хоггүй монгол ба гялгар уут хуванцарын хор нөлөө" сургалтыг Өмнөговь аймагт зохион байгууллаа.
Тэрээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнхийн урилгаар тус аймагт хоггүй орчин хэрхэн бий болгох, хогоо хэрхэн ангилан ялгах, хогийг дахин боловсруулах, зарим хог хаягдлын хор хөнөөл зэрэг сэдвийг хөндөж ярилцсан юм. Цэвэр цэмцгэр хот, аймаг, сумын төлөө бид хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж, дахин боловсруулж ашигласнаар байгальд ээлтэй эко амьдралыг бий болгож чадах юм.
Бидний хэрэглэдэг гялгар уутыг зориулалтын хогийн саванд бус, ил задгай хаяхад 500-аас дээш жилээр устаж үгүй бололгүй байж, хүн төрөлхтнийг болон байгаль орчныг бохирдуулдаг. Харин түүнийг шатаавал хар тугалга хэмээх хорт бодис ялгарч хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг аж. Манай улс жилд 16 тэрбум 636 сая төгрөгийн гялгар уутыг гаднаас худалдан авсан.
Энэ мэт бодит баримт судалгаанд үндэслэн байгальд болон хүн төрөлхтөнд хор нөлөөтэй гялгар уут, хуванцар сав зэргээс татгалзаж, хогоо зориулалтын хогийн саванд ангилан хаяж дахин боловсруулж ашиглах талаар сонирхолтой санаа дэвшүүлэв.
Д.Мишигсүрэн