ӨМНӨГОВЬ: Хөрсний нөхөн сэргээлтийг шинэ түвшинд туршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-04 15:05:57

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Хөрсний замагт бүрхүүл бүхий нөхөн сэргээлтийн туршилтыг  хоёр цэгт хэрэгжүүлж эхлээд байна.

 

Тодруулбал, Япон Улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас “Дэлхийн хойч ирээдүйд чиглэсэн хамтын бүтээн байгуулалт” төслийн хүрээнд Монгол Улсын хээр тал, бэлчээрийн доройтол, хөрсний элэгдлийн асуудлыг байгальд сөрөг нөлөөгүй аргаар шийдвэрлэх зорилготой BSC технологийн туршилтыг хийж байгаа юм.

 

Туршилтыг Төв аймгийн “Салхит” болон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цэций” туршилтын талбайг сонгон хэрэгжүүлж байна.

 

Төслийн ажлын баг ажлын явц, үр дүнг 2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн удирдлага, байгаль орчны мэргэжилтнүүдэд танилцууллаа.

 

BSC бүрхүүлийг таван өөр аргаар цацаж, хөрсний чийг хадгалах чадвар, үр тогтоц, ургамал бүрхэц хэрхэн өөрчлөгдөж байгааг судалжээ. Туршилтын явцад шороон шуурганд үр хийсэхээс хамгаалах, ургамлын соёололтыг хурдасгах, хөрсний гадаргууг тогтворжуулах зэрэг үйл явцад эерэг нөлөөлөл илэрчээ.

 

Хэрэв туршилт бүрэн амжилтад хүрвэл энэхүү технологийг уул уурхайн эвдрэлтэй талбай, бэлчээрийн доройтолд өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ Монгол Улстай ижил төстэй цаг ууртай төв азийн бусад орнуудад нутагшуулах боломжтой хэмээн төслийн баг үзэж байна.

 

BSC төслийн арга зүйн маркетингийн менежер Акихито Сакурай:

-Бид байгаль орчинд ээлтэй хөрсний замгийг ашиглан бэлчээрийг нөхөн сэргээх төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд 2002, 2025 онуудад Төв аймгийн “Салхит”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цэций” гэсэн 2 талбайг сонгож аваад туршилтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эхний ээлжид сонгосон 2 талбай дээрээ BSC технологийг туршин хэрэгжүүлж, хөрсийг баяжуулж, хөрсний чанарыг сайжруулах туршилтыг хийж байгаа  юм.  Цаашдаа уул уурхайн компаниудын ашигласны дараах нөхөн сэргээлт мөн хотын ногоон байгууламж гэх мэтчилэн бусад газруудад туршилт хийх бодолтой байна. Тэрнийхээ бэлтгэл ажлыг ийнхүү хийж байна. Япон Улсын эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны санхүүжилтээр манай төсөл хэрэгжих боломж бүрдсэнд маш талархаж байгаа. Зөвхөн Монголд биш бусад орнуудад энэ төслийн туршилтыг хийсээр байгаа. Харин Монгол шиг өвөлд нь маш хүйтэн, зундаа хэт халж, хуурайшдаг цөлжилт нэлээн явагдсан улсад туршилтаа анх удаа хийж байна. Тэгэхлээр энэ туршилт амжилттай хэрэгжвэл төв азийн бусад нутгууд болох Бүгд Найрамдах Казахстан Улс, Кавказын нуруу дагасан бусад ижил төстэй уур амьсгалтай орнуудад ч гэсэн танилцуулж, туршилтын үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой юм байна гэж бодож байна гэв.

 

 

 

 

相关新闻