Менингитийн халдвараас сэргийлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-02 14:54:08

Сүүлийн үед менингококкт халдвараар сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөн, үгдэрч хүндрэх хандлагатай байна. Тиймээс халдвар богино хугацаанд маш амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж, анхаарлаа бууруулахгүй байхыг ХӨСҮТ-ээс ард, иргэдэд зөвлөлөө.

Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн заавраар эмчлүүлэх, хамрын салстыг сонгино, сармисын тосон хандаар арчих, витаминаар баялаг аньс, нэрс, чацаргана, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх, өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх, улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүн үед хүүхдэд малгай ороолт бээлийг заавал өмсүүлэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, хүүхдээ товлолын вакцинд нь заавал, бүрэн хамруулахыг зөвлөж байна.

Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэн гэнэт 38 хэмээс дээш өндөр халуурах, толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, ядарч сульдах, бөөлжих, цочромтхой болох, татах, биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй. 

Ж.Болор

相关新闻