Арьс судлалд зайн оношилгоо, хиймэл оюуны технологи нэвтрүүлэхэд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурлыг зохион байгуулж байна.
Дөрвөн жилд нэг болдог их хурал нь дэлхийн дэвшилтэт технологийг эх орондоо нутагшуулах, арьсны өвчтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, шинэчлэл өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилготой юм. Монголын арьс өнгөний эмч нар хоорондоо болон хөгжингүй орны эмч нараас туршлага судлах, тулгарч буй асуудлыг хэлэлцэх, шийдэх, цаашид хамтран ажиллах боломжийг нээж байна. Хурлыг гадаадын эмч, профессоруудтай хамтран “Гардан үйлдлүүдийг хэрхэн хийх вэ” семинар, илтгэл хэлэлцүүлэг, “Үс шилжүүлэн суулгах” практик сургалт гэсэн гурван хэсэг хуваан зохион байгуулсан юм.
Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор, Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн тэргүүн А.Цогцэцэг ярихдаа "Нийгэмлэгийн 65 жилийн ой тохиож буй үед энэ хурлаа хийж, таван тивийн 10 гаруй эрдэмтэн, профессор оролцож, илтгэл хэлэлцүүллээ. Арьс судлалын салбарт телеметр болон зайн оношилгоо, хиймэл оюуны технологийг нэвтрүүлэх чиглэлд голлон анхаарч байгаа"-г онцлов.
Арьсны өвчний
талаарх олон улсын нэр хүндтэй гарын авлага зохиогч, профессор L.Bolognia Jean АНУ-аас ирж илтгэлээ тавьснаас гадна гадаад мэргэжилтнүүдийн оролцоотой лазер болон үс
шилжүүлэн суулгах сургалтыг Монголд нутагшуулахад анхаарч байна. Мөн арьсны өвчнөөс
үүдэлтэй сэтгэл зүйн хямралыг даван туулах, эмч, үйлчлүүлэгчийн
харилцаанд эерэг хандлага төлөвшүүлэх тухай лекц уншжээ.
АНУ-ын Central Michigan University, Saginaw-ийн профессор Mohammed Jafferany арьсны өвчин хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг тухай илтгэл тавьж, сэтгэл түгшил, гутрал, зарим сэтгэцийн эмгэг арьсны өвчинтэй хавсран илэрдэг онцлогийг танилцуулаад, сэтгэцийн асуудал нь үс уналт, үсний эмгэгүүдэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгаагаа монгол эмч нартай хуваалцаж, туршлага солилцов.
Дэлхийд 100 гаруй төрлийн арьсны өвчин оношлогддог бол халуун орны өвчнөөс бусад нь монголд ч тохиолддог байна. Удамшлын гаралтай ховор өвчин зонхилохоос гадна харшлын гаралтай арьсны өвчин түгээмэл. Нийт хүн амын 1-2 хувь нь ямар нэг хэлбэрийн арьсны өвчнөөр өвчилсөн судалгаа бий.
Ташрамд дурдахад, Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэг нь хүн амаа өсгөх, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхээр долоон удаа зохион байгуулсан эрүүлжүүлэх ажлынхаа үр дүнд хүн амын тоог 500 мянгаас 3.5 саяд хүргэхэд чухал хувь нэмэр оруулж байжээ.