Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын талаарх хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-31 22:02:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Ажлын алба 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл арга хэмжээний  талаар иргэдээс санал авч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад тусгуулахаар нийтдээ 214 санал ирүүлснийг Засаг даргын зөвлөл болон ажлын хэсгийхэн хэлэлцээд 45 төсөл арга хэмжээг эрэмбэлж жагсаасан байна.

Нийгмийн салбарын материаллаг баазыг бэхжүүлж, эмнэлэг, сургууль, соёлын төвийн барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах саналаас гадна аймгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй Бугат, Тэшиг, Орхон зэрэг найман сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэргийг боловсруулах хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгасан байна.

Хэлэлцүүлэгт ИТХ-ын дарга М.Оюунбат, ИТХ-ын эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ, дэд бүтцийн хорооны дарга Б.Батцогоо болон ИНБ-ын төлөөлөл, иргэдийн төлөөлөл 60 гаруй хүн оролцсон юм.

- Багийн иргэдийн нийтийн хурал дээр хөрөнгө оруулалтын талаар санал авах үйл ажиллагаанд иргэд хангалтгүй оролцдог. Иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг анхаарч, орон нутгийн хөгжлийн сангийн талаарх сургалтыг “Тогтвортой амьжиргаа-3” төслийн ажилтантай хамтран зохион байгуулахаар боллоо гэж аймгийн ИТХ-ын иргэний танхим хариуцсан ажилтан Ч.Ариун ярилаа.  

相关新闻