БУЛГАН: Аймгийн ХХААГ-ын даргаар Н.Пүрэвсайханыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар Н.Пүрэвсайханыг томилж, долоодугаар сарын 23-наас үүрэгт ажлаа хүлээн авлаа.
Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг бөгөөд газар тариалан, мал аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ахиц гаргаж, шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээгээр салбартаа манлайлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, аймгийн ДНБ-ийг өсгөж ажиллахыг аймгийн удирдлагууд онцлон захиж амжилт хүслээ.
Н.Пүрэвсайхан нь төрд 15 жил, үүнээс удирдах албан тушаалд 13 жил ажилласан туршлагатай боловсон хүчин юм.
Н.Пүрэвсайхан нь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Булган аймаг дахь Политехникийн коллежийн захирлаар ажиллаж байх хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалтаар олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
ОХУ-ын Эрхүү мужийн мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн багш нарын төлөөлөлтэй туршлага солилцож, дэлхийн ур чадварын уралдаанд оролцох багш, сурагчдыг бэлтгэх стандартад нийцсэн түшиц салбар дундын дадлагын баазуудтай танилцлаа. Мөн 3000 гаруй га эргэлтийн талбай бүхий дадлага, үйлдвэрлэлийн баазтай ХАА-н техникумтай хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан байна.
"Монгол малчин" төслийн хүрээнд "Гагнуур" мэргэжлийн хөтөлбөрийн багш Т.Даваахүүгээр ахлуулсан 11 суралцагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотын Ажил мэргэжлийн дээд сургууль дээр мэргэжлийн дагуу богино хугацааны сургалтад хамрагдсан байна.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод байрлах 97 жилийн түүхтэй М.Н.Ербановын
нэрэмжит ХАА-н коллежтой 2024 онд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд
сургуулийн үйл ажиллагаатай нь танилцаж, гэрээний дагуух ажлуудаа харилцан
ярилцаж, Мал амьтны эмнэл зүй, ХАА-н машин механизмын засвар үйлчилгээ
мэргэжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд багш нарын туршлага солилцсон байна.
Япон Улсын 13 ахлах сургуулийн 17 суралцагч сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, зөгийн аж ахуйн дадлагын газарт багш нартайгаа хамтарсан дадлага, үзлэг хийлээ. Тус аяллыг "BeeDep Mongol 2" төслийн багийн багш нар болох доктор Хошиба, доктор Сасаки, мэргэжилтэн Нишояами, Мори, Д.Ууганбаяр нар зохион байгуулсан бөгөөд манай сургуультай 2 жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажилласан байна.
БНСУ-ын "Аз жаргалтай бүс нутгийн
төлөөх сан" корпорацын дэд захирал, Боловсролын хүндэт доктор Квансу Ким
сургуулийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллах чиглэлээр санал
солилцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд болзол, шалгуурыг хангасан Политехник коллежийн төгсөгчдийг БНСУ-ын нэр бүхий 2 их сургуульд дэвшин суралцуулах, Газар тариалангийн мэргэжлийн хөтөлбөрүүдээр суралцсан төгсөгчдийг улирлын чанартай ажиллах хүчээр илгээхэд дэмжлэг үзүүлэх, хамтарсан сургалт, туршилт, судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр урьдчилан тохирсон ажээ.