Хүүхдүүд тоглолтын орлогоо хавдрын оношилгоо, эмчилгээнд зориулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль, тус сургуулийн дэргэдэх “Тусч хүүхдүүд хуримтлалын сан ”-гаас хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн “Хүүхэд насны баяр баясгалан” хятад, монгол хос хэлээрх хандивын тоглолт энэ сарын 02-нд Улаанбаатар чуулгын байранд боллоо.
Энэ удаагийн тоглолтоос цугласан хандивын бүх мөнгийг Монгол Улсын хүүхэд багачуудын хавдрын оношилгоо, эмчилгээнд зарцуулах юм. Үй Цай
хятад хэлний бүрэн дунд сургуулийн 1-12
дугаар ангийн бүх сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид болон нийгмийн
бүх салбарын төлөөлөл халуун сэтгэлийн гараа сунган энэхүү арга хэмжээнд идэвхтэй
оролцож, “Тусч хүүхдүүд” санд нийтдээ 5 сая төгрөгийн хандив өргөсөн байна. /ойролцоогоор 15000 юань/
Энэ удаагийн хандивын тоглолтоор 1000 гаруй үзэгчдэд хятад, монгол үндэсний дуу бүжгийн 20 гаруй үзүүлбэрийг толилуулсан юм.Үүнд, “Цахирмаа цэцэг”,”Хятадын улаан өнгө” зэрэг хятад дуу нь Үй Цай сургуулийн Күнзийн танхимын сурагчдын хятад хэлний өндөр төвшин болон тоглолтын ур чадварыг бүрэн илэрхийлж, үзэгчдийн халуун алга ташилтаар мялаалгаж байлаа. Энд дурдууштай нэг зүйл нь хандивын тоглолтын үзүүлбэрүүд нь саяхан Өвөр Монголын Хөх хотод болсон Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Үй Цай хятад хэлний бүрэн дунд сургууль болон Хөх хотын үндэсний лаборатори сургууль хоорондын хамтын ажиллагааны 20 жилд зориулсан “Шинэ зууны Хятад, Монгол хүүхэд багачуудын соёл урлагийн наадам”-д толилуулсан бүтээлүүд юм.
Тоглолтод Монгол Улсын Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн
боловсролын хэлтсийн дарга н.Адьяасүрэн, Төв аймгийн Хөгжимт драмын театрын
дарга н.Ганбат, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтын хятад талын захирал Жу
Жунли, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтын захирал Бао Айдун, Хятадын соёлын
төвийн ажилтан Хурц, Хятад улсын хятад хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх албаны
Монгол дахь хятад хэлний сайн дурын багш нарын холбооны дарга Уй Жиахуан зэрэг
10 гаруй зочид, төлөөлөгчид урилгаар оролцсон ба МҮОНТР, МОНЦАМЭ агентлагийн
“Монголын мэдээ” хятад хэлээрх сонин, Хятадын Төвийн радио телевизийн ерөнхий
хорооны олон улсын радиогийн Монгол дахь студи зэрэг хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд тоглолтыг газар дэээрээс мэдээлж байв.
2013 онд анх зохион байгуулсан хятад монгол хос хэлээрх
хандивын тоглолтоор Монгол Улсын ЭНЭШТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлгийн өргөтгөлд
нийтдээ 6 сая 200 мянган төгрөгийг цуглуулж хандивласан байна. 2016, 2017 онд
зохион байгуулсан хандивын тоглолтын үеэр “Тусч хүүхдүүд”санг байгуулж, хавдрын өвчинд шаналж буй бяцхан хүүхдүүдийн эмчилгээнд хандивлажээ.
Үй Цай сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл, УДЭТ-ын жүжигчин, МУСТА Ганцэцэг хэлэхдээ,”Энэ удаагийн хандивын тоглолт хүүхдүүдийн маань хятад, монгол хэлээр хийж буй тоглолтын ур чадварыг дээшлүүлэх төдийгүй хамгийн чухал нь тэднийг багаас нь бусдыг хайрлаж энэрэх, бусдад тусалдаг сайхан чанарыг суулгаж өгөхөд ач холбогдолтой” гэв.
Б.Мөнхтуул
Х.Алтаннавч