Гурван Баян-Овоо сумын удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-14 16:13:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий, Өмнөговь, Баянхонгор аймагт тус бүр Баян-Овоо нэртэй сум байдаг бөгөөд тэд нэгдэж, Монголын гурван Баян-Овоочуудын хамтын ажиллагааг эхлүүллээ.

Гурван Баян-Овоочуудын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд “Хамтдаа суралцъя” танилцах уулзалт, ярилцлага, “Хамтдаа хөгжье” нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа дуулъя” урлагийн тоглолт, “Хамтдаа хатиръя” үдшийн цэнгүүн, “Хамтдаа нөхөрлөе” спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Хамтдаа суралцан, хөгжилдөж, авъяас чадвараа дайчилсан эдгээр өдрүүдэд авхаалж самбаа, хичээл зүтгэлээрээ Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын баг хамт олон тэргүүлж, цомын эзэн боллоо.


Мөн нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргаа, төрийн бус байгууллага, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, туршлага солилцох зорилгоор Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга О.Мандахбаяр нар Хамтран ажиллах санамж бичгийг үзэглэв.


Гурван Баян-Овоо сум харилцан мэдээлэл туршлага солилцох, хурал зөвлөгөөн, уулзалт зохион байгуулах, хамтарсан сургалт семинар хийх, олон төрөлт уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр хамтран ажиллах юм. Санамж бичигт төр захиргаа, боловсрол соёл спорт, эрүүл мэнд, ХАА, аялал жуулчлал, ЖДҮ гэсэн үндсэн зургаан чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан байна.


Монгол Улсын говь, хангай, тал хээр хосолсон, нэр нэгтэй, зорилго нэгтэй, хүсэл тэмүүлэл нэгтэй Баян-Овоочууд ийнхүү эвлэлдэн нэгдэж, их зүйлийг бүтээхээр ханцуй шамлан ажилдаа орлоо.


相关新闻