Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш нарыг ОХУ-д сургахаар тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд энэ сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.
Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд
солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын
“Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох
Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны 8 дугаар сард хоёр орны
хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой
тохиролцоонд хүрэв.
Тус улс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бие
даасан хуультай болсон бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1664 сургууль,
хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай хөтөлбөр,
стандарт байдаг байна.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш
нарыг ОХУ-д бэлтгэж ирсэн тогтолцоог сэргээн идэвхжүүлэх чиглэлээр хамтран
ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ хүрээнд туршлага судлах, манай улсад
хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлэх талаар тодорхой
зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил орхигдоод байсан хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг ОХУ-д тасралтгүй
сургаж бэлтгэх, тусгай хэрэгцээт боловсролын талаар үе шаттай хамтарсан сургалт
зохион байгуулах, үүнд ерөнхий боловсролын багш нараас гадна цэцэрлэгийн багш
нарыг хамруулахаар тохиролцсоноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.