АХБ-ны санхүүжилтээр 108 сургууль, 95 цэцэрлэгийг барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар сургууль, цэцэрлэг шинээр барих төслийн ерөнхий тойм, хэрэгцээ шаардлага болон авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцов.
Боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилгоор 108 сургууль, 95 цэцэрлэгийг АХБ-ны 150 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар төлөвлөж байгаа юм. Энэ хүрээнд Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Төлөвлөсөн бүтээн байгуулалтын үр дүнд сургуулийн хүчин чадал 62880 суудлаар, цэцэрлэгийн хүчин чадал 11400 ороор нэмэгдэх юм. Талууд уг төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхээр тохиролцлоо.