Махны хяналтын эргэн мөшгих, хянах тогтолцоог бий болгох шаардлагатайг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-05 10:49:07

Ховд/МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Махны нэмүү өртөгийн SECIM төслийн хүрээнд төсөл хэрэгжиж буй зургаан аймагт эмийн үлдэгдлийн хяналт, хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын талаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн салбар нэгжүүд, хөдөөгийн сумдын мал эмнэлгийн тасгийн эмч нарт зориулсан сургалт зохион байгууллаа.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн тус сургалтад аймаг сумдын малын эмч нар, орон нутагт ажиллаж байгаа махны үйлдвэр, хүнсний зах, олон нийт зах зээлт нийлүүлэлт хийж байгаа байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Монголын хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар нь бэлчээрийн тогтолцоотой учир янз бүрийн эм бэлдмэлийг хэрэглэх шаардлагагүй гэж үздэг. Гэтэл малчид дур мэдэн тарилга туулга хийлгэх, хаана хэзээ үйлдвэрлэгдэж яаж орж ирсэн нь тодорхойгүй эм бэлдмэлийг худалдан авч малдаа өгөх зэрэг нь эргээд хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулдаг гэж  мэргэжилтнүүд үзэж байгаа юм. 

Махны эрүүл ахуйн судлаач С.Лхагвасүрэн  “Олон улсад  хэн гэдэг малчны ямар мал, хэзээ эм хэрэглэж байсан, хэзээ тарилга хийлгэж байсан гэдгийг баталгаажуулах, чиптэй болгох, ээмэгжүүлэх зэрэг махны хяналтын эргэн мөшгих, хянах тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллаж байна. Харин манай улсад  дээрх хяналтын тогтолцоо байхгүй байгаа нь олон эрсдэлд хүргэсээр байгаа учир малын эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд малын эмч нарын үүрэг оролцоо чухал гэж үзэж байна гэв.

Харин Ховд аймгийн мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл хэрэв малын эмч нар малчидтай хамтран малаа бүртгэлжүүлээд малдаа хэрэглэсэн эм тунгаа үнэн зөвөөр нь өгөөд сурчихвал малын эмийн үлдэгдлийг үзэж хянахад хөрөнгө мөнгө зарах, хүнсний аюулгүй байдалд санаа зовинох шаардлагагүй болно гэж үзэж байна. 

Тийм учраас энэ удаагийн сургалтын агуулга нь малын эм бэлдмэлийг зөв зохистой хэрэглэх, хяналт тавихад чиглэж, олон чухал мэдээллийг аймаг сумдын малын эмч нар, орон нутагт ажиллаж байгаа махны үйлдвэр, хүнсний зах, мал, мах худалдан борлуулагч нарт мэдээлэл өглөө.

 

相关新闻