ХОВД: Дөргөн сумын малчид чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дөргөн сумын малчдын чуулга уулзалт өчигдөр болж, 150 гаруй малчин оролцлоо.
Энэ үеэр аймаг, сумын удирдах ажилтнууд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малчдыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид Дөргөн суманд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө.
Энэ жил ихэнх нутгаар гандуу, өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймээс малчдыг эрсдэлээс сэргийлж өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, өвөлжилтийн бусад бэлтгэлийг эртнээс хийх шаардлагатайг анхаарууллаа.
Мөн малчид малын тоо толгойг тодорхой түвшинд барих, малын үүлдэр угсааг сайжруулах, тооноос илүү чанарт анхаарч, бэлчээрийн даацыг багасгах чиглэлээр санал хэлж, тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг эрэлхийллээ.
Цаашид малыг эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарч, борлуулалтыг нэмэгдүүлнэ. Ингэснээр малын тоог зохистой түвшинд барьж, бэлчээрийг хамгаалах, өвлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.
Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй. Өдгөө мал аж ахуйн салбарт 13 мянга гаруй малчин ажиллаж байна. Үүний 20 гаруй хувь нь залуу малчид буюу 18-35 насныхан юм.
Дөргөн сумын малчид тэмээн сүргийнхээ тоо толгойгоор сүүлийн 10 гаруй жил аймагтаа тэргүүлж байна.