Цочир хүйтрэлийн улмаас 68 мянган мал хорогджээ
МОНГОЛЫН МЭДЭЭНийт нутгийг хамарсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас өнгөрөгч долоо хоногт 68 орчим мянган мал хорогджээ.
Мал аж ахуйн салбар, өвөлжилтийн байдлын талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Мал аж ахуйн Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун нар мэдээллээ хийлээ. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүлтэй, 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” нөхцөлтэй байгаа аж. Хэдийгээр өнгөрөгч сарын 20-ны байдалтай харьцуулахад “Цагаан зудтай” сум 38, “Цагаанаар зудархуу” сум 69-өөр буурсан ч өнгөрөгч долоо хоногт Монгол Улсыг дайрсан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 68 мянга гаруй мал хорогджээ.
Энэ өвлийн хувьд 416.5 мянган мал хорогдсон нь нийт малын 0.7 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ нь хэвийн түвшин гэж дүгнэжээ. Учир нь малын хорогдол 1-2 хувьтай байх нь хэвийн хэмжээнд тооцогддог юм байна.
Нийт хорогдсон малын 130 нь тэмээ, 15.3 мянга нь адуу, 39.9 мянга нь үхэр, 142.2 мянга нь хонь, 219 мянга нь ямаа байжээ. Хамгийн их хорогдолтой аймаг нь Увс бөгөөд нийт 71740, дараа нь Сүхбаатар 69139, Завхан 58390, Баянхонгор 40279, Архангай 36593 мал хорогдсон үзүүлэлттэй гарчээ.
Гэхдээ 2009-2010 оны хавар Монол Улсын хэмжээнд 5.0 сая орчим мал хорогдож байсантай харьцуулахад энэ жил өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулсан, Засгийн газраас хэд хэдэн удаагийн арга хэмжээ авч, гадаад орны тусламж, дэмжлэгүүд малчдад хүрч байгаатай холбогдуулан малын хорогдол харьцангүй бага гарсан гэж салбар яамнаас дүгнэж байна.
Засгийн газраас нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 11000 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 7.4 мянган тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгожээ.
Мөн МУЗН, Улаан хавирган сар нийгэмлэгээс Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг найман аймгийн зарим сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, хоёр сарын хэрэгцээний зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ. Түүнчлэн Дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх найман аймагт 1850, Дундговь аймагт 250, нийт 2100 ширхэг 54.0 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлсэн байна.
Швейцарын хөгжлийн агентлагаас мөн “Ногоон алт” төсөл хэрэгжиж байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 33 смын 9000 малчин өрхөд 450 тн хивэг, 72.0 сая төгрөгийн шатахууны талон нийт 264.0 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.
Өвлийн улирал хэдий өнгөрч байгаа ч хаваржилтын хүндэрлээс сэргийлэх ажлыг орхигдуулж болохгүй юм. Тиймээс энэ хүрээнд гадаад орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар мэдээ, мэдээлэл, танилцуулгаар ханган богино хугацааны буюу яаралтай тусламж, урт хугацааны буюу сэргээн босгох гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байгаа аж.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал