“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалиар соёлын биет бус өвийн баялаг уламжлалыг таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-10 13:42:55

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 22-24-нд Налайх дүүрэг, “Тайж” хайрхан уулын бэлд зохион байгуулна.


Энэхүү фестивалийг ЮНЕСКО-гийн “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” 2003 оны конвенц, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй.


Энэ жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах зорилгоор бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу отог хэлбэрээр зохион байгуулах юм. Энэ үеэр соёлын биет бус өвийн 780 хөтөлбөрт үйл ажиллагаа, үндэсний спортын 10 төрлөөр уралдаан, тэмцээнийг зохион байгуулахаас гадна наадмыг зорин очсон хүмүүст соёлын биет бус өвийн баялаг уламжлалтай танилцах, оролцон суралцах, мэдлэг, ур чадвар олж авах боломжийг бүрдүүлж байна.


Дөрөв дэх удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: "Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах юм.


Мөн түүнчлэн фестивалийн үеэр зохион байгуулах “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй улсын 120 гаруй шилдэг харваач, Монгол Улсаас 15 шилдэг харваач, олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСКО болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд оролцох ажээ. 


相关新闻